"Тахь эх нутагтаа" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-31 22:24:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ онд Монголд тахь сэргээн нутагшуулсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Олон улсын Тахь групп, Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран "Тахь эх нутагтаа" гэрэл зургийн үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийг саяхан зохион байгууллаа.
Уг арга хэмжээ хоёр өдрийн турш явагдаж албан байгуулагуудын ажилтан албан хаагчид, сургуулийн сурагчид, сонирхсон иргэд ирж нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцон, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас хийж байгаа тахийн сэргээн нутагшуулалтын байдал, зан төрх, үржил төллөлт, ус бэлчээр ашиглалт, тархац нутаг, улирлын шилжилт хөдөлгөөн, сүргийн бүтцийн талаарх судалгаа шинжилгээний ажлын талаар мэдээлэл авч, "Тахь эх нутагтаа"гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
1992 оны 6 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд "Христиан Освальдын сан"-гийн дэмжлэгээр, Монголын Засгийн газар, Тахь нутагшуулах үндэсний комисс зохион байгуулж анх таван тахийг Европоос авч ирсэн түүхтэй ажээ. Түүнээс хойш нийт хэд хэдэн удаа тахь нэмж авч ирсэн бөгөөд одоо 200  толгойд хүртлээ өсөн нэмэгдээд байна.

 

                                                                                                                Ш.Цоодол

Related news