Олимпийн анхдагч баатруудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-23 17:16:44

Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/,-тай Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль /ТСБТСДС/-ийн хамт олон хамтран Монгол Улсаа төлөөлөн 1964,1968 оны өвөл, зуны олимпийн их наадамд оролцсон баг, тамирчиддаа хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр зохион байгуулав.

1964 оны өвөл, зуны олимпийн их наадамд анх удаа оролцож байсан үеэс хойш нийтдээ 25 медаль аваад байна. Их түүхийг эхлүүлж олимпийн наадамд Монгол Улсын нэр алдрыг өндөрт өргөж явсан анхны олимпчид, медальтнуудыг үеийн үедээ хүндэтгэн хайрлаж тэднээсээ суралцан үйл хэргийг нь амжилтттайгаар үргэлжлүүлэх нь өнөө үеийнхний үүрэг юм. Алдарт ахмадууд, буянт буурлуудаасаа суралцах, бахархан дуурайж ирээдүйн олимпийн аваргууд болох чин хүсэл эрмэлзэл дүүрэн ТСБТСДС-ийн тамирчин-сурагчдын хувьд үнэхээр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Зургаан настай уг сургуульд спортын 12 төрлөөр 500 гаруй тамирчин-сурагчид суралцаж байна. Тус сургуулийн спортын өсвөрийн авъяастнууд дэлхий, тив, олон улс ба нэрэмжит тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 5000 гаруй медаль хүртээд байгаа юм. Саяхан болж өнгөрсөн Монголын хүүхдийн спортын V дугаар их наадмын шигшээ тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн байна.

Тус сургуулийн анги бүр 1-2 алдарт тамирчид, зүтгэлтний намтар, ажил хөдөлмөр, спортын замналын талаар судалгаа хийж ханын сонин, бяцхан ном бэлтгэн гаргасан нь ёслолд оролцогчдын сонирхолыг татлаа. Мөн 1964, 1968 оны олимпийн наадамд оролцогч бүрт зориулан сургуулийнхаа сурагчдын бичсэн шүлгийн товхимолыг гардуулав. МҮОА-иас зохиосон уг ёслолд 1964, 1968 өвөл зуны олимпийн их наадамд оролцсон 23 алдартнууд хүрэлцэн иржээ.

Ёслолын арга хэмжээний үеэр ахмад буурлууд үнэт сургаал, зөвлөгөө өгч, харилцан ярилцаж, тэртээх он жилийн олимпийн наадмуудын гайхамшигт үйл явдал, үе мөчүүдийг эргэн дурслаа. ТСБТСДС-ийн урлагийн авъяастнууд хүндэтгэлийн тоглолтоо сонирхуулав.

Д.Өлзий

Related news