БНХАУ Төв болон Зүүн Европтой харилцаагаа гүнзгийрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-25 09:56:06

БЭЭЖИН. /NHK/. Дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар Төв болон Зүүн Европтой эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа БНХАУ илэрхийлжээ.

БНХАУ болон Европын 16 орны удирдагчдын жил бүр болдог хоёр өдрийн уулзалт БНХАУ-ын Зянсу мужийн Сужоу хотод өчигдөр эхэлсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлсэн үгэндээ, Ази болон Европыг хамарсан эдийн засгийн асар том бүсийг байгуулах “Нэг бүс, нэг зам” санаачилгын тухай дурджээ. Уг санаачилгад оролцож буй орнууд газар зүйн хувьд чухал ач холбогдолтойг тэрбээр онцлов.

Мөн тэрбээр, БНХАУ болон Европ хоорондын худалдаанд зориулсан өндөр хурдны чиглэл бий болгохын тулд Унгар-Сербийг холбосон төмөр зам тавих ажилд БНХАУ дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

Европын орнууд дахь хөрөнгө оруулалтыг дэмжих дунд хугацааны төлөвлөгөө гаргахаар удирдагчид тохиролцсон байна. Уг төлөвлөгөөний хүрээнд гурван тэрбум доллар болон БНХАУ-ын юанийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг босгох ажээ.

Д.Нямтулга

 

Related news