“Голден Гран при” тэмцээнээс Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-28 11:17:45

Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ.

Энэ жинд 14 бөх хүчээ сорьсноос ОУХМ Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Киргизийн бөх Жолдошбеков Улукбекийг 8:1, хоёрдугаар тойрогт Гүржийн бөх Отари Гогаваг 6:1 онооны харьцаагаар дараалан хожиж мөнгөн медалийн төлөө Азербайжаны бөх Парвиз Ибрагимовтай гал гарсан барилдаан хийж цээжийг нь тэвэрч эргэхэд үлдэж ард нь гарч хоёр хөлийг нь хэрээслэн эргүүлэх, цацаж шидэх, хөмөрч дэвжээнээс гаргах зэрэг мэх хийж 10:1 онооны харьцаагаар хожиж байгаад цэвэр дарж хожлоо. Дараа нь мөнгөн медалийн төлөө барилдаанд олимпийн аварга Ж.Отарсултаныг 10:2 онооны харьцаагаар илүүрхэн ялсан ОХУ-ын бөх Исмаил Мусакаевтай алтан медалийн төлөө өрсөлдөж 2:5 онооны харьцаагаар дийлджээ.

2008 оноос тус тэмцээнд оролцож манай бөхчүүдийн авсан 8 дахь мөнгөн медаль нь Э.Бэхбаярынх болов. 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Жемми Кеннеди 5:8 онооны харьцаагаар дийлджээ. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болно, манай 4 бөх дэвжээнд гарна. 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Венесуэлийн бөх Ж.Хименес Фернандестэй, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Екатерина Ларионова, Азербайжаны бөх Ранетта Грубан хоёрын аль ялсантай нь, ОУХМ Э.Цэвэгмид нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Болгарын бөх Тайбе Юсейнтэй, 75 кг-д ОУХМ Б.Одончимэг нэгдүгээр тойрогт Испанийн бөх Майдер Гонзалестай барилдахаар оноолт таарчээ.

Д.Өлзий

Related news