Хүүхдийн байгууллага 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 10:34:21

Өвөрхангай аймагт хүүхдийн байгууллагын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Арга хэмжээний нээлт спортын ордонд болж, он цагийн урсгал дахь үе үеийн сурагч багачуудын илэрхийлэл болсон дээлтэй, улаан тугтай, шинэ цагийн дүрэмт хувцастай хүүхдүүд хэн хүний сэтгэлийг өндөлзүүлэн пионер, сурагчдын ая дууг эгшиглүүллээ.

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Пүрэвсүрэн, 1977-1980 онд Өвөрхангай аймгийн Хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ш.Гүндалай тэргүүтэй үе үеийн удирдлагууд, төлөөлөгчид зэрэг 400 гаруй хүн оролцсон юм.

Ойн арга хэмжээгээр баярын хурлаа хийж, хүүхдийн байгууллагын үүсэл хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс, амжилт бүтээл дүүрэн яваа хүүхэд, багачуудаа шагнан урамшууллаа. Мөн "Ирээдүйд тэмүүлсэн хүүхэд нас" урлагийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж, найрал дууны “Инээмсэглэл”, бүжгийн “Ирмүүн”, “Болор” хамтлаг, сумдын авьяаслаг багачууд оролцсоны дотор Нэгдсэн үндэсний байгууллагын элч дуучин Т.Ариунаа ая дуугаа өргөсөн нь хүүхдүүдэд үзүүлэх томоохон хүндэтгэл байлаа.

Түүнчлэн Пионерийн байгууллагатай холбоотой болон сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, "Цодгор хүү" аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, "Аваргын гараа" өсвөрийн бөхийн барилдаан зэргийг зохион байгуулсан юм. 

Б.Батчимэг

Related news