Сэлэнгийн тамирчин дэлхийн чансаатай тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 10:27:39

“Сэлэнгэ Фитнес” клубын тэргүүн, бодибилдингийн спортын тамирчин Д.Ариунцацрал Hong Kong улсад өнгөрсөн сарын 22-25-ны өдрүүдэд болсон Дэлхийн хэмжээний 21 орны 216 тамирчид оролцсон тэмцээнээс мөнгөн медаль хүртээд ирлээ.

Дэлхийн чанартай тэмцээнээс Сэлэнгэ нутгийнхаа нэрийг дуурсгаад ирсэн боди тамирчин Дэлгэрбатын Ариунцацрал энэ сарын 5-нд Киргиз улсад болох Төв азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаагаад байна. Түүний гаргасан амжилтыг үнэлж, цаашид дэлхийн тавцанд Сэлэнгэ нутгийнхаа тугийг мандуулаад ирэхийг ерөөгөөд, НАМЗХ-ны Сэлэнгэ аймгийн тэргүүн Ш.Оргил санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Д.Ариунцацрал Бодибилдингийн спортоор 2011 оноос жин хасах маягаар эхлэн хичээллэсэн бөгөөд 2013 оноос тамирчин болохоор эрчимтэй хичээллэж, олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Тухайлбал  2012 оны Мистер фитнесийн мөнгөн медаль, 2015 оны хотын аваргын хүрэл медаль, мөн хэдхэн хоногийн өмнө болсон “Хар ирвэс” клубын нэрэмжит тэмцээний алт, 2015 оны улсын аваргын мөнгөн медаль, сая 11-р сарын 21-25-ны өдрүүдэд Хонг Хонг улсад болсон дэлхийн чанартай тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ. Уг тэмцээн нь дэлхийн мистер олимпын өмнөх өндөр ур чадварыг шаардсан шалгуур тэмцээн гэдгээрээ онцлогтой аж. Тэрээр одоо “Сэлэнгэ фитнес” клубын тэргүүнээр ажиллаж байна.

Тамирчин залуу маань машин механизмын мэргэжилтэй, 2014 онд Хөх хотод магистр хамгаалжээ. Тэрээр Сэлэнгэ аймагтаа энэ спортыг улам хөгжүүлж дэлгэрүүлэхийг хичээж байгаа гэнэ.  Энэ спорт маань бялдаржуулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг ач холбогдолтой бөгөөд тууштай хичээллэж чадах юм бол үр дүнгээ өгдөг. Хэнийг ч ялгахгүй үр өгөөжөө өгдөг спорт хэмээн тэрээр ярилаа. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Related news