Гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази тив манлайлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenechimeg@montsame.mn
2018-07-04 15:10:31
УЛААНБААТАР. 10-хан настай дунд сургуулийн сурагч охин онцгойрон ялгарч, арга хэмжээг бараг л байлдан дагууллаа. Маралгоо охин энгийн тодорхой үг хэллэг ашиглан ярихдаа “гамшгийн улмаас амиа алдаж буй хүмүүс, орон гэргүй болж буй хүмүүсийг телевизийн дэлгэцээр харах бүртээ гунигт автдаг” гэдгээ хэлсэн юм.
 
Монголын Улаанбаатар хотын сургуульд суралцдаг тэрбээр газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургуулилтад оролцож, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж сурсандаа сэтгэл хангалуун байдаг аж. 
Гурав хоног үргэлжлэх Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцогчдод хандан хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрбээр “бид бүхний төлөө илүү сайхан эх дэлхийг бий болгохын төлөө  та бүхэн зүрх сэтгэл, оюун ухаанаа нээгээрэй” хэмээн даруухнаар уриалсан юм. 
Энэ охин дагахаас аргагүй эрч хүчтэй үйлийг бүтээлээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар сүүлийн хоёр удаа болсон Дэлхийн бага хуралд оролцсон ба 2017 онд Мексикийн Канкун хотод болсон хурлын үеэр түүнийг Гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр Ази-Номхон далайн бүсийн манлайлагчаар тодруулж байжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “нүүдэлчин малчид олонтой, агаарын хэмийн эрс өөрчлөлттэй, зуд, газар хөдлөлт, ойн түймэр, ган гачиг зэрэг байгалийн гамшгийн өмнө эмзэг байдаг, далайд гарцгүй өвөрмөц улс орны зохион байгуулж буй эрч хүчтэй арга хэмжээ бол Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурал юм” гэлээ.
“Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг даган мөрдөх нь манай бүс нутгийн хувьд нэн шаардлагатай” гэдгийг тэрбээр онцлов.
Гамшгийн давтамж, хүрээ нэмэгдэж байгаад Монгол Улс нэн ихээр санаа зовниж байна. Ерөнхий сайд хэлэхдээ “дэлхий даяар гамшигт өртөж буй хүмүүсийн дийлэнх нь Ази тивд ногдож байгаад” сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ. 
Тогтвортой хөгжлийн урьдчилсан нөхцлүүдийг тодорхойлохдоо тэрбээр “мэдлэг, мэдээллээ хуваалцах, тухайлбал, Гамшгийн эрсдэлийг бууруулах 3 дахь түвшний боловсрол, гамшгийг тэсвэрлэх чадавхи бүхий хөдөө аж ахуй, гамшгийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах санхүүгийн механизмыг бий болгох нь чухал” гэдгийг онцолсон юм.
Энэ өдрүүдэд гамшигт тэсвэртэй хотын дэд бүтэц болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар хоёр тусгай хуралдааныг Монгол Улс зохион байгуулж байгааг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшингийн дараа үг хэлсэн юм. Ноён Ө.Энхтүвшин 50 гаруй улс орон, 1584 олон улсын байгууллага, ТББ-уудыг төлөөлсөн 2500 оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүллээ.
“Энэхүү бага хурлын үеэр бид Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг бүс нутаг, улс орны түвшинд хэрэгжүүлэх явцад гарсан ахиц дэвшлийг нэгтгэн дүгнэхээс гадна 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай Улаанбаатарын Тунхаглалыг хэлэлцэн батална” гэж тэрбээр хэлэв.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Мами Мизүтори өөрийн тавьсан үндсэн илтгэлдээ “2020 он гэхэд Гамшгийн эрсдэлийг бууруулахад үндэсний хэмжээний болон орон нутгийн стратегийн бодлоготой болж чадсан бүс нутгийн улс орнуудын тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой” болохыг онцоллоо. 
“Улс төрийн тууштай манлайллын үр дүнд ихэнх улс орнууд Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг үзэл санааг иж бүрэн байдлаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр гамшгийн хохирлыг багасгаж, аюулгүй байдлаа хангахын тулд хэрхэн ажиллах талаар жирийн иргэд илүү гүнзгий ойлголт мэдлэгтэй болно” гэж хатагтай Мизүтори хэлэв.
Тэрбээр цааш нь “сайн засаглал нь олон нийт болон нийгмийн бүх оролцогч талуудыг илүү сайн хамруулах бололцоог хангана. Учир нь, гурван жилийн өмнө Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийг боловсруулан баталсан НҮБ-ын гишүүн орнуудын хийхээр зорьж буй өөрчлөлтийг аль ч орны засгийн газар дангаараа хийж чадахгүй” гэдгийг онцлон хэллээ.
“Гамшгийн улмаас зовж шаналж буй хүмүүсийн дуу хоолойг бид сонсох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, хүүхдүүд, уугуул оршин суугчдад зөвлөгөө өгч, тэднийг өөрсдийн нийгмийн бүлгүүд дотроо өөрчлөлтийг хийж чадах төлөөлөгчид болгон оролцуулах нь зүйтэй” гэж хатагтай Мизүтори уриалав.
Өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж, өөрсдийгөө төлөөлөн ярих нийгмийн оролцогч бүлгүүд нь олон хуралдааныг зохион байгуулж байгаад тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “энэ нь бүс нутгийн түвшний ийм төрлийн арга хэмжээнүүдийн үеэр жишиг болно” гэдгийг онцлон тэмдэглэлээ.  
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш хуралд оролцогчдод ирүүлсэн дүрс бичлэгэн илгээлтдээ “уур амьсгалын өөрчлөлт, төлөвлөлтгүйгээр хурдацтай явагдаж буй хотжилт болон ядуурал нь байгалийн ноцтой гамшиг, газар хөдлөлтийн хор уршгийг улам даамжруулж байна. Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичигт гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй хохирлыг бууруулах зорилтыг тавьсан билээ. Миний бие Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичгийг бүрэн дүүрэн хүлээн авч хэрэгжүүлж буй Ази-Номхон далайн бүс нутаг, гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх та бүхний манлайллыг сайшааж байна. Бид гамшгийн эрсдэлийг шийдвэрлэснээр ирээдүй хойч үеийнхэндээ гамшигт тэсвэртэй гараг дэлхийг үлдээх ёстой” гэсэн байна.
 
Денис МакКлин
Эх сурвалж: https://www.unisdr.org/archive/59095
 
 

Related news