Давсанбадрах дахь постынхон хүнд нөхцөлд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-08 16:26:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Давсанбадрахын постод 14 хүн ажиллаж байгаа. Гэвч эдгээр албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байгааг аймгийн ЭМГ-аас хэллээ. Тодруулбал, постны байр нь зөөврийн вагончик учир хүйтэн, тог цахилгаан байхгүй, гар утасны сүлжээ муу, интернэт орчинд холбогдох боломжгүй аж. Өөрөөр хэлбэл эмч, сувилагч нар шөнө оройн цагаар лааны гэрэлд иргэдийн шинжилгээг авч байна.

Нөхцөл байдалтай танилцаад энэ бүх асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүргийг өгсөн юм. Улмаар тусгай ажлын баг байгуулж, Давсанбадрахын пост руу очихоор болов. Мөн Улаанбаатар хотоос иргэдээ татан авахтай холбоотойгоор пост дахь эрүүл мэндийн байгууллагын ажилтны тоог нэмж, шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Тус пост нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явж буй автомашины хөдөлгөөнийг хянах, бүртгэн баримтжуулах, иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлээр ажиллаж байна.

 

関連ニュース