ХӨВСГӨЛ: Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан өвчтөн нас барсан байна.
Цагаан-Уул сумын Онцгой комисс хуралдаж, 9 дүгээр сарын 7-ы өдрийг хүртэл сумаас гарах хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргасан байна.
Энэ хугацаанд албан томилолт, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас иргэдэд сумын Онцгой комисс явах зөвшөөрөл олгох бол сум руу нэвтрэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.
1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.