СЭЛЭНГЭ: "Монгол хэл" шүлгийг уран яруу унших цахим аянд 4080 сурагч оролцжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-12 12:33:47

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сар аяны хүрээнд эх хэл, соёлоороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ерөнхий боловсролын сургууль бүрээс 120 сурагчийг хамруулан "Монгол хэл" шүлгийг уран яруу унших цахим аяныг зарласан юм.

 

Энэхүү цахим аянд аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн 4080 сурагч хамрагджээ.

 

Монгол хэл шүлэгт

 

Чихину чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу, би

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаан судлан

Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь

Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь

Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд

Сэлбэлгүй сэцэн оюунтан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн

Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь

Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор

Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж

Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би хэмээн уран яруу дүрслэлийг тод томруунаар өгүүлсэн байдаг.

 

Энэ талаар Ц.Буянхишиг /Ph.D/: “Монгол хэл” шүлэгт хүний хэл сурах дэс дарааг мэдрэхүйн эрхтэнтэй нь холбон хэрхэн хэрэглэх тухай тун ч холын холыг харан өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, эх хэлээ сонсож, бодож, ярьж, бичиж, хөгжүүлж, хайрлаж хэрэглэх тухай энэ 6 бадаг шүлэгт яруу тодорхой бичсэн. Хүн хамгийн түрүүнд чихээрээ сонсож мэдээлэл хүлээж авдаг. Цаашлаад эх хэлээрээ сонссон зүйлээ тунгаан бодож, дамжуулан ярьж, цаасан дээр буулгаж, мэдлэгээ хөгжүүлнэ. Үүний дараа утга учрыг нь ойлгон хөгжүүлэх бөгөөд сэтгэлээ өгөн хөгжүүлсэн зүйлээ зүрхээрээ хайрлана. Энэ бол ямар ч төрлийн хэлийг сурах мэдрэхүйн эрхтний дэс дараалал бөгөөд үүнийг “Монгол хэл” шүлгийн бадаг бүрийн дарааллаас харж болно” хэмээн бичсэн байдаг.