К.Роналду: 2026 оны ДАШТ миний сүүлчийнх байх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /CNN/. Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ түүний хувьд “эргэлзээнгүй” сүүлчийнх нь байх болно хэмээн мэдэгджээ.
Мягмар гарагт К.Роналду Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болж буй “Tourise Summit” уулзалтын үеэр CNN телевизийн сэтгүүлч Бекки Андерсонд ярилцлага өгөх үеэрээ “Би тэр үед 41 настай байх тул том тэмцээний чухал мөч байх болно гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.
Их спортоосоо хэзээ бүрмөсөн зодог тайлах талаар К.Роналду
хэлэхдээ “Би цаг мөч бүрийг
нандигнан өнгөрүүлж байгаа, гэхдээ би удахгүй гэж хэлсэн бол үнэхээр л удахгүй гэсэн үг, учир нь би хөл бөмбөгийн төлөө бүхнээ зориулсан” гэв.
Тэрбээр Португалын шигшээ багийн
бүрэлдэхүүнд оруулсан гоолын тоогоор дээд амжилт эзэмшдэг билээ.
“Миний хувьд сүүлийн
25 жилийн турш тоглолтод оролцож байна. Би өөрийн чадах бүх зүйлийг хийсэн. Клубүүд, мөн шигшээ багуудад янз бүрийн цаг мөчид олон амжилт гаргалаа. Би
үнэхээр бахархаж байна, тиймээс яг энэ цаг мөчөөсөө таашаал авч, энэ мөчдөө
амьдарч байна” гэж тэрбээр хэлжээ. К.Роналду шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо
нийт 143 гоол оруулсан бөгөөд таван ДАШТ-д гоол оруулсан анхны эрэгтэй тоглогч
болсон юм.
Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн том буюу 48 баг оролцох ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-нд АНУ, Мексик, Канадад эхэлнэ. ДАШТ-ий
сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотын Кеннедийн
нэрэмжит төвд болох юм.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, энэ оны
эхээр К.Роналду “Аль-Наср”-тай байгуулсан гэрээнийхээ дараа спортын ертөнцөөс
төрсөн анхны тэрбумтан болсон билээ.
К.Роналду мөн Португалын 16 хүртэлх насныхны клубт тоглодог хүү Криштиану Жуниор нь талбай дээр өөрөөс нь илүү сайн тоглогч болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. “Хүмүүс бид хэнийг ч өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэггүй шүү дээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүд маань надаас илүү байвал би түүнд хэзээ ч атаархахгүй, надад итгээрэй” хэмээн тэрбээр ярьсан байна. К.Роналду хүүгээ аз жаргалтай байж, өөрийнх нь хүү болж төрснийхөө төлөө ямар нэгэн дарамтыг туулахгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлээд, эцэг хүний хувьд би түүнд хүссэн зүйлээ хийхэд нь туслах болно гэж ярилаа.
Ulaanbaatar