ЗАВХАН: Тэсийн голын минжний тоо толгой өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-12 12:37:59

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэсийн голд нутагшиж буй минжний тоо толгой өссөн байна.


Өнөөдрийн байдлаар Тэсийн голд азийн шар минжний 30-35 бүл буюу 250 орчим толгой минж амьдарч байгаа нь ажиглалтаар тогтоогджээ. 


Азийн минж нь Байгаль, түүний нөөц баялгийг хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуур (IUCN, 2010)-аар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд (IUCN, 2006) “Устаж байгаа” зүйлийн ангилалд хамрагдсан. Үндэсний хэмжээнд Амьтны тухай хууль, Монгол орны Улаан номд нэн ховор зүйлийн зэрэглэлээр бүртгэгдсэн амьтан юм.


2012 онд Тэсийн голын байгалийн нөөц газарт хийсэн судалгаагаар тус голд минж /сastor fiber birulai/ нутагшиж, тоо толгой нь өсөх хандлагатай байгааг тогтоосон. Түүнээс хойш 2013 онд МУИС-ийн биологийн тэнхимийн багш, доктор профессор С.Шар, Бүх Оросын Агнуур судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, шинжлэх ухааны  доктор А.Л.Совельевын удирдсан баг минжний судалгааг хийжээ. Судалгааны ажлын бүрэлдээхүүнд орон нутгийн малчдын төлөөлөл, байгаль орчны байцаагч Ш.Болдбаатар, байгаль хамгаалагч н.Дашбямба, тухайн үеийн багийн засаг дарга нар гээд 12 хүн нэг баг болж тав хоног ажиллаж байсан юм.


Тэсийн голын дагуух бүсэд амьдардаг минж, андатор, булга бусад амьтныг судлах энэхүү судалгааны ажлын явцад минж нь нэг үүрэндээ 6-8-уулаа нэг бүл болон амьдардаг. Нийт 14 орчим минжний үүр байгаа нь бүртгэгдсэн байна.


Судалгааны дүнд Монгол орны нэн ховор, устаж болзошгүй хөхтөн амьтан болох минж Тэсийн голын дагуух, усан орчин болон ногоон бүсэд тархан суурьшиж амьдарч байгаа нь тогтоогдсон. Минжийг хамгаалах ажлыг маш үр дүнтэй хийж буй нь түүний тоо толгойг өсөхөд гол нөлөө үзүүлжээ. Мөн минжний тоо толгой жил бүр өсөж байгаа нь амьдрах таатай орчин бүрдэж, байгаль хамгаалах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо хамтын ажиллагааны үр дүн юм. Анх 1974 оны үед Тэсийн голд 37 минж нутагшуулж, эхэлснээс хойш Тэсийн голын сав газарт Евроазийн шар минжний тоо толгой эрчимтэй өсөж байна.


Минж нь ус-хуурай газрын амьдралтай. Голын гүн устай, өндөр эрэгтэй газар нүх ухаж овоохой засна. Бүлээр амьдрах ба бүл нь урт хугацаанд тогтвортой хадгалагддаг. Ороо нийллэг нь 3-4 дүгээр сард болж, 6-7 дугаар сард нэгээс тав хүртэл, дунджаар 2-3 төл гаргадаг. Минж нь голын усны түвшнийг тогтворжуулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэгтэй амьтан. Популяцын тоо толгой нь ховор амьтан тул цаашид тоо толгойг нь өсгөх, амьдрах орчныг хамгаалах, хамгаалал, менежментийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

関連ニュース