Хятадын иргэдийг залилсан “криптовалютын хатан хаан”-д хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-12 16:38:34

ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /BBC/. Хятадын иргэдийг хууран мэхэлж, улмаар луйвардаж авсан мөнгөөрөө криптовалют худалдан авсан эмэгтэйд Их Британийн шүүхээс 11 жил 8 сар хорих ял оноожээ. Түүний худалдаж авсан криптовалют олон тэрбум фунт стерлингээр үнэлэгдэж байгаа аж.


Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, 47 настай Чянь Жимин гэгч уг эмэгтэй Хятадаас оргон зайлсныхаа дараа Лондоны хойд хэсэгт орших Хэмпстед дүүрэг дэх харшид нүүн ирсэн байна. Лондоны цагдаа нар уг эмэгтэйгээс түүхэн дэх хамгийн их хэмжээний криптовалютыг хураан авчээ. “Өндөр технологиор эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, криптовалют олборлодог” хэмээн сурталчилж байсан Чяний компанид 100 мянга гаруй хүн хөрөнгө оруулж, луйвардуулсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.


Хятадын цагдаа нар түүний хууль бус үйл ажиллагааг шалгаж эхэлсний дараа Чянь 2017 оны есдүгээр сард хуурамч бичиг баримт ашиглан Их Британид ирсэн байна. Лондонд тэрбээр өөрийгөө “эртний эдлэл, үнэт эдлэл цуглуулагчийн баян өв залгамжлагч” хэмээн танилцуулдаг байжээ.


Түүний “хамгийн том зорилго” нь Хорват, Сербийн хил дээр орших, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй жижиг улс болох Либерландын “хаан хатан” болох явдал байсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн байна. 


Хятадын иргэд луйвардуулсан мөнгөнийхөө талыг ч болов буцаан авна гэж найдаж буйгаа Британийн байгууллагуудаар дамжуулан илэрхийлжээ. 

関連ニュース