“Цахим донтолтоос урьдчилан сэргийлж, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-12 15:57:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын оюун ухааны академи хамтран ЕБС-ийн сурагчдын анхаарал төвлөрөл, бүтээлч чадварыг дэмжих “Цахим донтолтоос урьдчилан сэргийлж, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичиг нь талууд хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдийн суралцах чадварыг сайжруулах, амжилттай туршлагыг өргөжүүлэх боломжийг судлах зорилготой.

НЗДТГ-ын мэдээлснээр, санамж бичгийг Монгол Улс 1990 оны нэгдүгээр сарын 26-нд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Дэлхийн иргэнийг бий болгох зорилгоор гурван байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл хэрэгжүүлэх 10 сургуулийг санал болгосон. Эдгээр сургуульд арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд төсөл хэрэгжүүлнэ.  НҮБ-ын Хүүхдийн сангаас төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 178 сургуульд тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэв. 


Тус санамж бичгийн хүрээнд “Оюуны спортын хөтөлбөр”-ийг нийслэлийн сонгосон 10 сургуульд туршин хэрэгжүүлэх, сурагчдад оюуны спортын үндсэн техник, ур чадварын сургалт зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай материал хэрэглэгдэхүүн /спортын өрөлтийн аяга, дэвсгэр, таймер, дэлгэц, гарын авлага гэх мэт/-ийг хангах, хөтөлбөрт оролцож буй сургууль бүрээс гурван багш болон дасгалжуулагчийг сурган мэргэшүүлж, эрх олгох, 2026 оны тавдугаар сард оролцогч сургуулиуд хооронд “Оюуны спортын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд сурагчдын төвлөрөл, зан төлөвийн өөрчлөлт, цахим хэрэглээ зэрэг үзүүлэлтэд суурилсан судалгаа, үнэлгээ хийх, хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол дүгнэж, үр дүнтэй туршлагыг нийслэлийн сургуулиудад түгээх ажээ. 


関連ニュース