ДОРНОГОВЬ: Хоёр жилийн өмнөх зуднаар аргаль, янгирын тоо цөөрсөн ч эргээд өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-02 13:51:25

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг Их нартын байгалийн нөөц газар гэдэг.


Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар юм. Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хийгээд тэнгэрт эргэлдэх жигүүртэн шувууд, харь нутгаас нүүдэллэдэг нүүдлийн шувуудыг харж болно.


“Энэ жил зэрлэг амьтдын хувьд бэлчээрийн боломж, өвс ургамлын гарц сайн байсан. Хоёр жилийн өмнөх их зуднаар аргаль, янгирын тоо 80 гаруй хувиар цөөрсөн ч эргээд өсөж байна. Зэрлэг амьтөд өсөхдөө ч амархан. Харин манай энд байдаг хэдэн хар сүүлт зээрийг л хулгайн анчид агначих гээд хэцүү юм. Бид байнга л эргүүл манаанд явдаг” гэж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, Их нартын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагч А.Батболд өгүүлэв.


Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, гэрэл зурагчид байгалийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгадаг тул биологич, амьтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна. Их нартын байгалийн нөөц газарт хамаарах нийт 66,592,00 га талбайг УИХ-ын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан.


2013 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцаж иржээ


関連ニュース