2025 оны жүдо бөхийн сүүлчийн “Их дуулга”-д Монголоос 16 жүдоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-02 10:41:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны хуанлид багтсан “Их дуулга” ангиллын 2025 оны сүүлийн тэмцээн Японы Токио хотод энэ сарын 6-нд эхэлнэ.


Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 43 орны 320 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. “Бага ДАШТ” хэмээн нэрлэдэг энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй долоон жүдоч оролцохоор пүрэв гарагт Японыг зорих гэж байна. 2008 оноос зохион байгуулж буй Токиогийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эрэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, -78 кг-д О.Хүслэн нар зодоглоно.


Өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга”-д 14 жингээс 13-т нь япончууд түрүүлсэн бол Оросын Матвей Каниковский алтан медаль хүртсэн цорын ганц гадаад бөх болж байсан юм. Харин манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа хүрэл медалиар энгэрээ мялааж, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Ж.Анударь, К.Ёолк нар V, А.Энхбаяр VII байрт шалгарч байв. 2023 онд Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. 2022 онд мөн л Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль зүүсэн. Энэхүү тэмцээнд түрүүлсэн цорын ганц монгол жүдоч нь гавьяат тамирчин О.Ууганбаатар бөгөөд 2017 онд Токиогийн “Их дуулга”-д төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. 


Ташрамд дурдахад, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс өнөөдрийн байдлаар 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.

関連ニュース