Монгол Улс ЕАБХАБ-ын үнэт зүйл, үндсэн зарчмуудыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-07 12:12:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо 2025 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцлоо.


Сайд нарын зөвлөлийн ээлжит уулзалтад ЕАБХАБ-ын гишүүн 57 улс, Хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, энх тайвныг тогтоох, яриа хэлэлцээг дэмжих зэрэг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Бүгд хуралдаанд үг хэлж, ЕАБХАБ-ын үнэт зүйл, үндсэн зарчмуудыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлээд Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг, Парисын хартийг хэрэгжүүлэхэд итгэлцэл, яриа хэлэлцээ, хамтын хариуцлага чухал болохыг тэмдэглэв.


Монгол Улс ЕАБХАБ-тай ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, цахим аюулгүй байдал, авлига, терроризм, хил дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.


ЕАБХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Канад Улсаас ОХУ хүртэлх өргөн уудам бүс нутгийн аюулгүй байдлыг цэрэг- улс төр, эдийн засаг болон байгаль орчин, ардчилал болон сайн засаглал зэрэг гурван үндсэн чиглэлд авч үзэн, яриа хэлэлцээ, хамтарсан төслүүд хэрэгжүүлдэг. Манай улс тус байгууллагад 2012 онд гишүүнээр элссэн явдал нь бүс нутгийн аюулгүй байдлын үйл явцад оролцоогоо хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.



関連ニュース