СЭЛЭНГЭ: “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж-2” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-09 11:25:29

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж 2” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр баталлаа.

 

Аймгийн ИТХ-ын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 60 тоот тогтоолоор “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” хөтөлбөрийг баталж, 2021-2025 онд амжилттай хэрэгжүүлсэн юм.

 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын 17 байгууллагад сургалтын стем хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын 33 сургуульд байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн олгожээ. Мөн улсын төсвийн 525 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 35 сургуулийн 250 багшид зөөврийн компьютер, 483 багшид дунд оврын 15.6 инчийн хромбүүкийг тус тус өгсөн байна.

 

Түүнчлэн "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагаас 16 сум, 6 тосгоны 28 сургуульд 302 ширхэг хромбүүк гардуулж, нийт 1035 багшийг компьютерээр ханган, хичээл сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.  

 

Мөн Мобиком группийн “Smart Education 4” төсөлд Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль хамрагдаж 140 гаруй сая төгрөгийн төсвөөр Мэдээлэл зүйн кабинетыг шинэчилсэн байна.  

 

Мөн хөтөлбөр хэрэгжих хугацаанд ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувийг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангажээ. Тус ажилд боловсролын салбарын 80 байгууллага хамрагдаж, 1035 төрлийн тоног төхөөрөмж олгож, улсын болон аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

Цаашид суурь, бүрэн дунд боловсрол  эзэмшигчдэд шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар олгоход дадлага, туршилт хийх кабинет, лаборатори зайлшгүй чухал байгаа юм. Мөн ерөнхий боловсролын 3 сургуульд биологийн кабинет, 21 сургуульд химийн кабинет, 17 сургуульд физикийн кабинет, 29 сургуульд технологийн кабинет, 34 сургуульд газар зүйн кабинет, 12 сургуульд матемитикийн кабинет бий болгох, 12 цэцэрлэгийг стем хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагатай.


Мөн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор багш нарыг бие даан чадавхжуулах, цахим сургалт, уулзалтад оролцох, шинэчилсэн заах арга зүйг түгээн дэлгэрүүлэх. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй англи хэлний персон, бага ангийн эдүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нар болон сурагчид, мөн сургууль, цэцэрлэгийн 919 багшийг зөөврийн компьютерээр хангах шаардлагатай болжээ.

 

Иймээс “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.


Эдгээр хэрэгцээ шаардлагаас гадна хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 23 сургуулийн үдийн цайны гал тогоо, 10 дотуур байр, 20 цэцэрлэгт тус тус шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжөөр ханган нийлүүлэх юм.

 

Мөн ЕБС-ийн ширээ, сандлын стандартыг сурагчдын биеийн өндрөөр нь тогтоож, MNS 6582:2016 стандартыг мөрддөг бөгөөд тогтмол хэмжээтэй ширээ сандал 1-3 анги, тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал 4-12 ангид хэрэглэх нь хүүхдийн биеийн эрүүл, өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг байна.

 

Иймд ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын шаардлага хангасан сурагчийн ширээ, сандлаар хангах ажлыг нэгдсэн бодлого зохион байгуулалтаар ханган ажиллахад энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгөх юм. 


関連ニュース