Монгол Улсаас хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслол Парис хотноо 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр боллоо.
ССАЖЗЯ-ны мэдээлснээр, олдворыг Бразил Улсаас тус улсад хүрэлцэн ирсэн усан онгоц болон “Крэйзаурус” /Creazaurus/ компанийн байранд шалгалт хийх явцад илрүүлж, 2015 оноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Францын талаас 2016 онд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэнтэй холбогдуулан, манай улсад зохих мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, Лион хотод хураагдсан Тарбозавр батаарын чулуужсан олдворыг Монгол Улсаас гаралтай болохыг Францын талд мэдэгджээ.
Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн шийдэгджээ.
Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдвор багтаж байна.
Монгол Улс 1992 онд ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-д, 2024 онд ЮНИДРУА-ийн 1995 оны “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай конвенц”-д нэгдэн орсон нь дээрх чулуужсан олдворыг эгүүлэн авах үйл явцад эергээр нөлөөлснийг ёслолд оролцогчид тэмдэглэжээ.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцов.

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам ёслолын үеэр үг хэлэхдээ, Монгол Улсын хууль ёсны эрхийг хамгаалж, олдворыг эх оронд нь буцаах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хоёр талын байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлээд, соёлын үнэт зүйлийн хулгайн мөр, хууль бус худалдааны шунал дэлхийн ямар ч ард түмэн, аль ч газрын үнэ цэнт байдлыг дордуулж, ядууруулах ёсгүйг онцлон тэмдэглэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр нөлөөтэй хүчин чармайлт гарган ажиллахыг оролцогч талуудад уриалж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бүх талын оролцоог хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улсад эгүүлэн авч буй эдгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Байгалийн түүхийн музейд шилжүүлж, шинжлэх ухааны арга зүйн дагуу нарийвчлан судлах ажлыг зохион байгуулж, зарим олдворыг 2026 онд шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.




Ulaanbaatar