ХӨВСГӨЛ: Томуугийн өвчлөл аймгийн хэмжээнд тархаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-09 15:22:21

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 17 мянган хүн үйлчлүүлсний 11 орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна.


Тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт 412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 27,2 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар оношлогджээ.


“Томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 85 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 75 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуугийн өвчлөл нэмэгдэж аймгийн хэмжээнд тархсан учраас хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжийн сул байгаа орыг ашиглан 144 орыг нэмэлтээр дэлгэх бэлтгэлийг хангаж байна.


Мөн хүний нөөцийн асуудал тулгамдаж буй учраас тэтгэвэртээ гарсан ахмад эмч нар, өрхийн эмнэлгийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр ярилаа. 

 

関連ニュース