Суматра арлыг сэргээн босгоход 3 тэрбум доллар шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-12-09 17:26:29

ЖАКАРТА, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /Reuters/. Индонезийн Суматра арлын олон оршин суугчийн амь насыг авч одсон үерийн дараах сэргээн босголтын ажилд 51.82 их наяд рупи /3.11 тэрбум ам.доллар/ шаардлагатай гэж Засгийн газрын өндөр албан тушаалтнууд мэдэгджээ.


Албан ёсны мэдээллээр, шуурганы нөлөөгөөр нүүрлэсэн үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүний ​​тоо даваа гаргийн байдлаар 950-д хүрч, 274 хүн сураггүй болжээ. Түүнчлэн уг шуурганы улмаас Тайландын өмнөд хэсэг болон Малайзад 200 орчим хүн амиа алдсан байна.


Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн дара Сухарянтогийн мэдэгдсэнээр, Ачех, Хойд Суматра, Баруун Суматра гэсэн гурван мужид хэдий хэмжээний хохирол учирсныг тооцоолж байгаа тул энэ тооцоо цаашид нэмэгдэх магадлалтай байна.


Байгалийн гамшигт өртсөн гурван мужийн дотроос Ачех мужид хамгийн их буюу нийт 25.41 их наяд рупи хэрэгтэй байгааг Сухарянто ням гаргийн орой Ачех мужид болсон Ерөнхийлөгч Прабово Субиантогийн удирдсан Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ. Харин Хойд Суматра болон Баруун Суматра мужуудад 12.88 их наяд, 13.52 их наяд рупи тус тус шаардлагатай гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэргээн босголтын ажил удахгүй Хойд Суматра болон Баруун Суматра мужуудын зарим газраас эхлэх ажээ. “Нөхцөл байдал харьцангуй сайн байгаа газруудад сэргээн босголтын ажлыг эхлүүлж болно. Бид нүүлгэн шилжүүлэх төвд амьдарч буй хүмүүсийг түр байшинд нүүлгэн шилжүүлэх болно” гэж Сухарянто тодорхой хугацаа дурдахгүйгээр хэлжээ.


Түр байшингууд нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулан Засгийн газраас барьсан 40 хав.дөр.м наамал модон хавтан байгууламж юм. “Дараагийн үе шатанд тэднийг Орон сууцны яамны барьсан байнгын байшинд нүүлгэн шилжүүлэх болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэргээн босголтын талаар тооцоолсон өртгийн талаар Прабово хэлэхдээ, өөрийнх нь тооцоотой “ойролцоо” байгааг дурдсан боловч зардлыг батлах эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. “Бидэнд шаардлагатай хүчин чадал байгаа бөгөөд бид энэ ажлыг нягт нямбай хийж, нөхцөл байдлыг зохицуулахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж тэрбээр хэлжээ.


Прабово мөн зарим бүс нутгийн нөхцөл байдал ноцтой хэвээр байгааг онцлоод, будааны талбай, далан, олон тооны байшин өртсөнийг дурджээ. “Сэргээн босгоход бидний зүгээс туслах шаардлагатай нэлээд олон байшин байгаа тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Мөн зарим газарт хүндрэл бэрхшээл тулгарсаар байгааг дурдаад, оршин суугчдад эм, хувцсыг эн тэргүүнд олгох ёстой гэжээ.



関連ニュース