ДОРНОД: Цас ордог цагтаа л орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорнодын урд сумдын малчид гуравдугаар сар гармагц л малаа бэлчээрт явуулж, хүн малын зоо тэнийдэг. Харин хойд сумдад өөр. Урин цаг наашилж шинэ ногоо цухуйтал хэдэн малаа тэжээхээс өөр аргагүй байдаг онцлогтой. Учир нь хойшлох тусам өвсний чанар буурахаас гадна хангай газарт илүү хүйтэн сэрүүн байдагтай холбон ойлгож болно.
Айлууд өвөлжөөндөө бууж төвхнөсөн өдий үеэр Баяндун сумаар
буугаад мордоход цаанаа л нэг тэнэгэр сайхан байдаг. Барьсан талх, өтгөн
зөөхий, даршилсан ногоо, исгэлэн жимсээр дайлуулж, ажилч хөдөлмөрч нь дэндсэн
энэ зоныг зочлох бүрдээ эрхгүй хүндлэх сэтгэл төрдөг. Сумын төвийн захын нэг
айлын хаалга татахад үйл үртэс, ногоо цагаа, сүү сааль, зөгий шувууны аж ахуй
гээд ямар нэгэн ажил ундарч байхтай таарна. Зам зуурын малчин айлууд өвс
хадлангаа дориун бэлдэж, дүнхийсэн модон байшиндаа цэмцгэр гэгч нь аж төрдөг.
Баяндун сум жилд 100 тонн өвс нөөцөлдөг ч энэ өвөл цагийн байдал хүндэрч мэдэх тул өвс тэжээлээ ахиухан бэлтгэхийг зорьжээ. Тус сум 400 гаруй малчин өрхтэй.
Сумын төвөөс зүүн тийш 50-иад км-т нутаглаж буй аймгийн алдарт уяач Цэрэнжавын Гантулгынхаар саатлаа.
Мэнд ус мэдэлцэж, цас зуд нүүрлэх вий, өвөл хүндрэх вий гэж дээр дооргүй ярьцгааж, бэлтгэл базааж байгаа талаар яриа эхлүүлэхэд тэрбээр “Цас яахав ээ, ордог цагтаа орно. Уул толгод, бургасны нөмөр бараадаад бас ч гэж учиртай. Зуншлага оройтсоноос ч тэр үү, энэ намар хулганы хөеө таарч, хонгорзул цэцэг хэнзэлж ургалаа. Хар жил болчих вий” хэмээн болгоомжилж буйгаа ярив.
1998 оны намар Их, Бага уулын орчмоор
нутаглаж байхад нь хачиг ихээр гарч, яргуй хэнзэлж, тэр жил хар өвөл нүүрлэжээ.
Харин тэгтэл хачиг энэ намар найман хөлтэй байсан гэнэ. Өнтэй өвөл болохын шинж
гэдэг. Тэнгэр хангайгаа ажиж шинжих нь монгол малчны нэгэн эрдэм билээ.
Эднийх энэ өвөл үхэр, ямаатайгаа өвөлжинө. Хонио айлуудад
түрээсэлж, төлийнхөө 50 хувийг өгөхөөр тохиролцжээ. Тэрээр нэг малаас авах ашиг
шимийг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуй руу аяндаа шилжих хэрэгтэй гэсэн
байр суурьтай хүн.
Ц.Гантулгынх Сэргэлэн, Цагаан-Овоогийн заагаар арав гаруй жил нутаглаж байгаад тоонотоо зорин ирснээр тав дахь өвлөө угтаж байна. Тээр жил хөгшин аав Батжаргал нь төрөл садангийн долоон айлаараа Агаас Хөх өндөрөөр дамжин нүүж орж ирснээр одоо нутаглаж буй энэ Баруунжаргалантад төвхнөж, Ц.Гантулгын аав Б.Цэрэнжав энэ нутагт төрж өсөж, мал хуйгаа адгуулж амьдарч явжээ. Тиймээс аавыгаа энүүхэн хавьдаа нутаглуулж, хөгшин аавынхаа гэрийг сэргээж барьсан тухайгаа ярих нь монгол хүний, нүүдэлчдийн амьдралын нэгэн өвөрмөц өнгө төрх гэлтэй.

Эднийх 400 гаруй хуйлмал буюу ойролцоогоор 120 тн өвс хадсан байна. Өнөө зун наадам хүртэл бороогүй, өвс бэлчээрийн өтгөрөлт тааруу байсан учир өмнө жилүүдийнхээс 2-3 дахин том талбайд хаджээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд зээлээр трактор, бусад тоног төхөөрөмж авсан тул энэ намар өөрсдийн хүчээр хадлангаа бэлтгэсэн байна. Ойр хавийн саахалт зургаан айлын есөн гишүүнтэй эдний хоршоо “Шинэ хоршоо”-ноос 120 сая төгрөгийн зээл авчээ. Тухайн айлын малын тоо толгойноос хамаарч зээлийн хэмжээг тогтоодог тул хоёр өрхөд тус бүр 50 сая, нэг өрхөд 20 сая төгрөгийн зээл ногдсон байна. Ц.Гантулгынх урдаас хуучин трактор 40-өөд саяар, рулоныг 12 саяар худалдан авчээ. Хоршоонд нэгдсэн нөгөө айлууд нь ч мөн адил трактор, тармуур, рулонтой болцгоогоод авч. Боломж бололцоондоо тааруулж ийнхүү хуучин техник худалдаж авахаар эвдэрч зогсчихоод байх нь ид ажлын үеэр хүндрэлтэй гэв.

Зээлийн 50 саяараа шинийг авч болох ч дан ганц трактороор яах билээ. Хятадын хувийн үйлдвэрийн шинэ трактор 50-80 саяын үнэтэй байдаг. Тиймээс малчид голдуу хуучныг л олж ирж байна. Ашиглалтын хувьд намар цагт хадлан тэжээл бэлтгэх, хаврын цагт хохир бууцаа ачихад хэрэгтэй.
Харин авсан зээлээ улиралд нэг удаа төлөхөөр хуваарь гаргуулж, эхний жилдээ зөвхөн хүүгийн төлбөр буюу нэг сая гаруйг төлж эхэлжээ. Жилийн дараагаас улиралд 7 сая гаруй төгрөг төлнө гэдэг малчин айлд амаргүй даваа. Нөгөө талаар хоршоо байгуулж, мал худалдан авдаг байсныг болиулж, урдаас трактор ав гэсэн хачирхалтай зохицуулалтыг ч малчид хөндөж байна билээ.
Хөдөөд залуу малчдыг татах тухай төр засгийн түвшинд идэвхтэй ярьж байгаа боловч нидэр дээрээ ямар нэгэн тодорхой зохицуулалтгүй хэвээр л байна. Бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл мал хуйгаа аав ээж, төрөл садандаа үлдээгээд өөрсдөө төв бараадаж, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхөөс аргагүй. Эсвэл тусдаа байсаар салж сарнихдаа тулж байгааг ч малчид ярьж байна.
Энэ зун 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Баяндун нутгийн зон олон хувь хувьсгалгүй өвлийн бэлтгэл базааж буй ахуйд нь зорьж очив. Сонсох нь ээ, нутаг усаа гэсэн сэтгэлтэй олон хүний хандив дэмжлэгээр түүхт ойгоо дориун сайхан тэмдэглэж, төсөв нь “нэмэх”-тэй гарч. Түүгээрээ Баяндун сумандаа ирээдүйн шилдэг уран зураач, барималч, урлаачдыг бэлтгэх урлан нээх гэж байгаа дуулгалаа.
Баяндун сумын уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмидийн хүү Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалан ахайг гэр бүлээр нь нүүлгэн ирж, урланг нь нээх гэж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд тасраад байсан Дорнод нутгийн уран зураач, барималчдын залгамж үе ийнхүү галаа манаж, бүтээлээ туурвиж эхлэх нь ээ.
Мөн Монголын уран зургийн ноён оргил, ардын зураач О.Цэвэгжав тэргүүтэй
уран зураачдынхаа бүтээлийн цуглуулгыг хийх, цаашлаад уран зургийн галерей
байгуулах зорилго тавьж байгаа гэдгээ сумын Засаг дарга Б.Батхүү ярив. Баяндунгаас Монголын
сор болсон эрдэмтэн мэргэд, суутнууд олноор төрөн гарсан байдаг.
Энэчлэн хөдөө нутгаар аажуу тайвуу саатаж, сумын төвийн
буйдхан орчин, эгэл малчдын амьдралаас олон асуултын хариултыг олж болмоор шиг
санагдан элдвийг эргэцүүлсээр хүлгийн жолоо эргүүлэв.
Ulaanbaatar