Түмэн бээрийн алсыг айлсуулах, Тэнгэр уулын өндрийг намсгах түүх эхлүүлсэн айлчлал
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ташкент хотын шинэ хөгжлийн дүүрэг дэх
амгалан, гоёмсог цэцэрлэгт хүрээлэнгийн дундах бяцхан арал гэмээр, бас ганцхан
гэж болом шар айргийн газрын задгай тавцан ширээнд өнөөдрийн хувьд, эндхийнхнээс
хэл соёл огт ондоотой, дорно алсын хэдэн залуу намуухнаар хөгжилдөн сууцгаана.
Тэд бол өчигдөрхөн Улаанбаатараас ирсэн сэтгүүлчид бөгөөд хамгийн оргил ачаалал
үүрсэн гол өдрийнхөө ард дөнгөж гарчхаад, тэрүүхэн баруунтаа харагдаж буй “Холидэй
инн” хэмээх даруухан буурчийн газарт албаны хувцсаа юүлж, чөлөөт маягаар төрхөө
хувиргаад, урьд орой нь хэн нэгэн нь “нээсэн” энэхүү багавтар, зоогийн газарт
олуулаа цугларсан байнам. Залуус өглөө гэхэд өөр хот руу одсон байх тул
нийслэлд байх цаг хором бүр нь эзэн богд хааны, энэ нутагт найман зуун жилийн
өмнө, дөрвөн зуун худалдаачнаараа илгээсэн алт мөнгөнөөс ч дутахгүй үнэтэй байв.
Нэгэнт үдшийн бүрий ноёлж, удалгүй шөнийн харанхуй залгасан ч гадаа гял цал гэгээ
гэрэлтэй, хорь илүү хэм дулаан, хүмүүсийн тайван хөгжилдөх чимээ аядуу айван
орчныг мэдрүүлнэ.
125 өдөр