ТОКИО-2020
Паралимпын медалийн чансааг БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна

ТОКИО. /Paralympic.org/. Японы нийслэл Токио хотноо энэ долоо хоногийн мягмар гарагт албан ёсоор нээлтээ хийсэн "Токио-2020" Паралимпын наадмын медалийн чансааг БНХАУ-ын баг тамирчид найман алт, таван мөнгө, 10 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.


Харин Их Британи зургаан алт, найман мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол ОХУ-ын Паралимпын хорооны тамирчид зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл медалийг эх орондоо авчирснаар гуравдугаарт бичигдэж байна.


Эдгээрийн араас Австрали, Нидерланд, Итали, Бразил, АНУ, Беларус, Украины баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна. Харин наадмыг зохион байгуулагч Япон улсын хувьд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын 11 дүгээрт бичигдэж байна. 

Монголын байт харваа болон жүдогийн тамирчид өнөөдөр Паралимпын дэвжээнд өрсөлдөнө

Токио /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио хотноо болж байгаа Паралимпын XVI наадмын жүдо бөхийн татамид болон байт харвааны талбарт тус бүр 2 тамирчин гарч Монгол Улсын баг тамирчдынхаа амжилтын салхийг хагалж хүч, ур чадвар, онч мэргээ сорино.


Тухайлбал, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат нар дэвжээнд гарч барилдах бол байт харвааны урьдчилсан шатны харваанд Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ /эмэгтэй/ нар онч мэргэнээ сорино.



Хашимото Сэйко: Парагийн тамирчдыг хязгааргүй боломж, хязгаарыг давах чадвартай хүмүүс гэж хэлдэг

Токио /МОНЦАМЭ/. Японы олимпын хорооны тэргүүлэгч Хашимото Сэйкогийн “Токио-2020” зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслолын индэр дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Энд хүрэлцэн ирсэн хүмүүс ээ…


Олимпын нээлтийг тольдон үзэж байгаа дэлхийн хүмүүс ээ…


Олимпын хөлс нь хатаагүй дэлхийн тамирчдын буухиа үргэлжилж, өнөөдөр энэ цаг мөчид паралимпын уралдаан тэмцээн үргэлжлэх гэж байна.


Та бүхэн Токиод тавтай морил.


Сэтгэл зүрхнээсээ та бүхнийг урьж байна.


Дэлхийд коронавирус тархсан байгаа энэ үед эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд, үүнийг даван туулах гэж өдөр бүр хичээж буй хүмүүст, бас энэхүү нээлтийг хийх, бүтээхэд тал бүрээр туслан дэмжиж ирсэн Олон улсын олимпын хороо, Япон улсын засгийн газар, Токио хот, олимптой холбоотой та бүхэнд чин сэтгэлээсээ талархал өргөн дэвшүүлж байна.


Олон улсын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахыг таатайгаар хүлээн авсан Япон улсын ард иргэдэд улам их итгэл өгч, мөн коронавирусний эсрэг урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч, аюулгүй ажиллагаагаар  хангаж олимпын уралдаан тэмцээнүүдийг амжилттай явуулах болно. Токио хот түүхэндээ анх удаа 2 дахь зуны олимпоо угтан авч байна. Өмнөх Токиогийн паралимпын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие дааж, нийгэмд идэвхтэй оролцохыг уриалснаар, параспорт Япон улсад хүчтэй хөгжиж ирсэн юм.


Тийм ээ, 57 жилийн дараа нээлтээ хийж байгаа энэ паралимпын уралдаан тэмцээн юуг илэрхийлж, ямар шинэ зүйлийг хэлэх бол гэж бодогдож байгаа байх. Нийгэм яаж өөрчлөгдөх бол гэж.


Паралимпыг угтан авах бэлтгэл ажил эхлэх үеэс л нас, хүйс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй ялгаварлан гадуурхал байхгүй универсиаль / universal / дизайнтай нийгэм, хотыг бий болгож, аль болох хүн бүр зүрх сэтгэлдээ ямар нэгэн саад бэрхшээлгүй байхаар бодож төлөвлөж ирсэн билээ.


Тийм ээ, энэ ажил алхам алхмаар, бага багаар өөрчлөгдөж, урагшилж байлаа.


Мэдээж нийгэм ч өөрчлөгдөж эхэлсэн юм. Уралдаан тэмцээнийг боломж болгон харж бие биеийнхээ ялгааг хүлээн зөвшөөрөх, бие биенээ дэмжин туслах, ялгаварлан гадуурхалгүй, саад бэрхшээлгүй хүн бүр хамтдаа ая тухтай амьдрах нийгмийг бүтээхийг бид хүсэж байна.



Улс орнуудын тамирчид, спортын хүч чадлаар дэлхийг цаашлаад ирээдүйг бид өөрчилж чадна. Энэ бол бид бүхний эрхэм зорилго юм.


Тийм ээ, Нийгмийг спортын уралдаан тэмцээнээр хувьсгал хийн өөрчлөх цаг хугацаа хагас зууныг даван өнөөдөр ирээд байна.


Тамирчид аа… Коронавирусний зовлон бэрхшээлтэй байсан ч хичээн зүтгэж Токиод ирсэнд баярлалаа.

Бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, бүх зүйлийг заримдаа орхихоос өөр хүнд нөхцөл байдлаас бий болсон жинхэнэ хүч чадлыг үзүүлэх дэлхийн парагийн тамирчидыг  хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.


Парагийн тамирчинг хүмүүс  хязгааргүй боломж эсвэл хязгаарыг давах чадвартай гэж хэлдэг.


Надад хэлээч…


Зовлон бэрхшээлүүдийг даван туулж ирсэн тэр эрчээрээ бидэнд босон зогсох урам зориг, хүч чадал, хүсэл мөрөөдлийг өгөхийг хүсэж байна.


Зохион байгуулах хороо энэ удаагийн “Токио-2020” паралимпыг пара тамирчдын хичээл зүтгэлийг дээдэлдэг үнэлдэг нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн индэр тайз болгохын төлөө чадах бүхнээ хийн ажиллах болно.

Та бүхэнд баярлалаа.



JAPAN TOKYO 2020 PARALYMPIC


Орчуулсан сэтгүүлч Н.Базарсүрэн

А.Мөнхбат Паралимпын тамирчдын бүртгэлийн хамгийн эхэнд бичигджээ

Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын XVI наадмын спортын 22 төрлийн 4400 гаруй тамирчдын нэрс болон намтар, амжилтыг танилцуулсан бүртгэлийн хамгийн эхэнд цагаан толгойн дарааллаар Монголын жүдо бөхийн тамирчин Аажимын Мөнхбат бичигджээ.





Жүдоч А.Мөнхбатыг болон Монгол Улсын багийг энэ наадамд оролцож байгаа тамирчид бүгд л нэрсийн эхэнд байгаа учраас сонирхох нь мэдээж юм. Ийнхүү аавынхаа ховорхон нэрний ачаар паралимпын XVI наадмын танил тамирчин болж байгаа аж.




Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар “Токио-2020” паралимпын XVI наадамд оролцож байгаа улс орнуудын баг тамирчдаас Австралийн баг 10 медаль /6 алт, 1 мөнгө, 3 хүрэл/-тай тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг өнөөдөр 2 алтан медаль хүртсэнээр 6 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 9 медальтай удаалж байна.  


   

"Токио-2020" паралимпын эргэн тойрны сонин

Токио /МОНЦАМЭ/. "Токио- 2020" Паралимпын XVI наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд паралимпын эргэн тойрны онцлох зарим мэдээг сонирхуулж байна.


-Өнөөдрийн мэдээлэлд тамирчдын хотхоноос корона вирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдэж нийт 15 хүн болоод байна.

-Монголын баг тамирчдын хувьд бүгд эрүүл саруул, эрч хүчтэй бэлтгэл сургуулилтаа базааж, уралдаан тэмцээндээ амжилт гаргахаар хичээж байгаа. Маргааш буюу 8 дугаар сарын 27-нд пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, байт харвааны төрлөөр Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ /эмэгтэй/ нар хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө. 

-Өнөөдөр спортын 9 төрөл явагдаж байна. Усанд сэлэлтийн японы алдарт тамирчин Томита Үчюүд чөлөөт сэлэлтийн 400 м, эрвээхэй сэлэлтийн 100 метрт түрүүлэх ихээхэн найдлагатай гэж Японы хэвлэлүүд бичиж байна.


-Хүндийн өргөлт /пауэрлифтинг/-ийн эрэгтэйчүүдийн 49 кг-д Миүра Хироши өрсөлдөх юм. 2012 оны Лондонгийн олимпын наадамд 9-д, 2016 оны Риогийн олимпт 5-д орж байсан бол энэ удаа медаль авах найдлагатай тамирчны нэгээр зарлагдаж байна.

-Дугуйн C3 төрлийн 3000 метрийн уралдаанд Фүжида Масаки тамирчин оролцох бөгөөд Бээжин, Лондон, Риогийн олимпын наадмаас медаль авч байсан юм байна. Түүнийг алтан медаль авах найдвартай тамирчны нэг гэж байгаа юм.




Н.Базарсүрэн






Паралимпын наадмыг Австрали улс 6 алтан медальтай тэргүүлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы нийслэлд үргэлжилж байгаа "Токио-2020" зуны Паралимпын XVI наадмыг өнөөдөр өглөөний байдлаар Австрали улсын баг 6 алтан медальтай тэргүүлж байна.


Тодруулбал, өчигдөр усанд сэлэлт, дугуйн спорт болон суугаа туялзуур сэлмийн төрлөөр медальтнууд тодорсноор Австрали улс 6 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 10 медальтай тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг 5 алт, 1 мөнгө, 2 мөнгө, нийт 8 медальтай удаалж байна.


Харин Оросын үндэсний Паралимпын хорооны тугийн дор оролцож буй ОХУ-ын баг 3 алт, 1 мөнгө,  2 хүрэл нийт 6 медальтай 3 дугаар байр эзэлж явна.


Энэ 3 багийн араас Италийн баг 2 алт, 1 мөнгө 2 хүрэл, нийт 5 медальтай яваа бол Украин улсын баг 1 алт, 5 мөнгө 2 хүрэл нийт 8 медаль, Их Британи 1 алт,  мөнгө 4, хүрэл 1 нийт 6 медаль, Бразил 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль, Нидерланд 1 алт 1 мөнгө нийт 2 медаль, Беларусийн баг 1 алтан медальтай байгаа бол паралимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг тамирчид 1 мөнгө,  1 хүрэл медаль хүртээд байна.  


Японы 14 настай тамирчин эх орондоо анхны медалийг авчирлаа

ТОКИО. /Kyodo/. Японы тамирчин Миюки Ямада Токиогийн Паралимпын наадмаас зохион байгуулагч орны анхны медалийг авчирлаа.


Өдгөө 14 настай тэрбээр Паралимпын наадмаас медаль хүртсэн Японы хамгийн залуу тамирчин болж байна.


Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн “S2” төрөлд өрсөлдсөн М.Ямада 26.18 секундэд барианд орсноор мөнгөн медалийн болзол хангажээ.


Харин Сингапурын алдартай тамирчин, дэлхийн аварга Ип Пин Сю алтан медаль хүртсэн бол Мексикийн тамирчин Фабиола Рамирес хүрэл медалийн эзэн болжээ.


М.Ямадагаас өөрийн гүйцэтгэлээ үнэлэхийг хүсэхэд, “Миний бие өөртөө 100-гаас 100 оноо өгмөөр байна. Өөрийгөө маш сайн оролцсон гэж бодож байна” хэмээн хариулжээ.



Тэрбээр барианаас гарахдаа тэргүүлж байсан боловч хожим нь Ип Пин Сюд гүйцэгджээ. Сингапурын тамирчны хувьд дөрөв дэх наадмаасаа дөрөв дэх алтан медалиа ийнхүү хүртсэн байна.  


Ирэх есдүгээр сарын 2-нд М.Ямада 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.


Лхагва гаргийн орой Японы тамирчин Такаюки Сүзүки эрэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн “SB3” төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Ингэснээр тэрбээр Паралимпын зургаа дахь, 2012 оноос хойших анхны медалиа хүртжээ.


Энэхүү төрөлд ОХУ-ын Паралимпын хорооны тамирчин Роман Жданов алтан медаль, Испанийн тамирчин Мигель Луке нар мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 

Афганистанаас паралимпын тамирчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ

КАБУЛ. /France24/. Афганистаны паралимпын хоёр тамирчныг улс орноос нь аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж Олон улсын паралимпын хороо /ОУПХ/ өнөөдөр мэдээллээ. Харин тэднийг хаана байгаа талаар мэдээлэхээс татгалзжээ.


Таеквондогийн тамирчид болох Закиа Худадади, Хоссейн Расули нар Токиогийн Паралимпын наадамд улс орноо төлөөлөн оролцох байсан юм.


Гэвч Афганистан “Талибан” хөдөлгөөний хяналтад орсны дараа тамирчид улс орноо орхин явж чадахгүйд хүрэн гацсан олон мянган хүний нэг болжээ.


Наадам эхлэхээс өмнө ОУПХ тэдгээр тамирчин улс орноо төлөөлөн оролцох боломжгүй болсныг батлан мэдэгдэж, мягмар гарагт болсон нээлтийн ёслолын үеэр Афганистаны тугийг бэлгэдлийн байдлаар сайн дурын ажилтан барин жагссан юм.


“Афганистанаас тамирчдыг нүүлгэн шилжүүлсэн. Тэд одоо аюулгүй газарт байгаа. Харин хаана байгааг нь хэлэх боломжгүй. Учир нь энэ бол спортын бус хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм” гэж ОУПХ-ны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спенс өнөөдөр мэдээлсэн байна.


Тэрбээр үргэлжлүүлэн, “Тамирчид Паралимпын наадамд оролцохгүй бөгөөд ийм цаг үед өөрсдийнхөө сайн сайханд анхаарал хандуулна. Тэд маш хүнд нөхцөл байдлыг туулсан нь тодорхой учир холбогдох зөвлөгөө, сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авч байгаа” гэж хэлжээ.


Паралимпын наадамд Афганистаныг төлөөлөн оролцох анхны эмэгтэй тамирчин болох байсан, 23 настай З.Худадади улс орноо “Талибан” хөдөлгөөний хяналтад орсны дараа дүрвэхдээ туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасан бололтой байна.


Австралийн “ABC” телевиз паралимпын тамирчдыг Автсрали руу нүүлгэн шилжүүлсэн афган тамирчдын дунд байсан гэж мэдээлсэн боловч одоогоор энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ажээ. 

Паралимпын гоол бөмбөгийн тэмцээн Чиба хотод үргэлжилж байна

Токио /МОНЦАМЭ/. Өнөөдөр Чиба хотын Макүхаригийн цэнгэлдэх хүрээлэнд Паралимпын гоол бөмбөг /goalball/-ийн тэмцээн явагдаж байна.


Одоо Герман-Турк багуудын тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Гоол бөмбөг спортын талаар танилцуулахад, паралимпын наадмын их сонирхолтой төрлүүдийн нэг юм.



Хараагүй, нүд харааны бэрхшээлтэй тамирчид зөвхөн чихний сонсголоор сонсож бөмбөг өнхрүүлэн гоол оруулах уг спорт анх дэлхийн 2 дугаар дайны үед шархадсан цэрэг дайчдыг сэтгэл санааны болон хөдөлгөөн заслын эмчилгээнд хэрэглэж байсан аж. 1946 онд Австралийн эмч Hanz Lorenzen,Германы Sepp Reindle нар сэдэж уг спортын эхлэлийг тавьсан бөгөөд 1976 оны Торонтогийн паралимпын үеэр спортын шинэ төрлөөр нэрлэгдэж, улмаар 1980 оны Нидерландад болсон паралимпын наадмаар албан ёсоор бүртгэгджээ.



Багийн 3 гишүүнтэй, талдаа 12 минутаар тоглодог.  Нийт 24 минут. Хэрэв тэнцсэн тохиолдолд 3 минутын сунгалттайгаа нийлбэл 27 минут. Уртаашаа 18 метр, өргөн 9 метрийн талбайд дотор нь жингэнэн дуугарах хонхтой, 1.25 кг жинтэй резин бөмбөгөөр гоол оруулж тоглодог юм байна.


Энэ спортын медальтнууд болон аварга багууд 9 дүгээр сарын 3-ны өдөр тодрох аж.







Н.Базарсүрэн

Паралимпын XVI наадмын тэмцээнүүд үргэлжилж байна

Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын XVI наадмын тэмцээнүүд өнөөдөр өглөөнөөс эхэлсэн бөгөөд ширээний теннисний тэмцээн “Бүдокон” ордонд үргэлжилж байна.


Жил бүрийн 12 дугаар сард Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/- ны “Токио - Их дуулга тэмцээн энэ ордонд зохион байгуулдаг гэдгээр монголчууд сайн мэднэ. Тус ордон Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг. 


Ширээний теннисний тэмцээн үзэгчгүй болж байгаа ч маш өрсөлдөөнтэй үргэлжилж байна. 


Токиогийн Паралимпын анхны алтан медалийг Австралийн тамирчин хүртлээ

ТОКИО. /Xinhua/. Австралийн дугуйчин Пейж Греко өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн дугуйн “C1-3 төрлийн 3000 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр Токио-2020 Паралимпын наадмын анхны алтан медалийг хүртлээ.


П.Греко Шизүока мужийн Изү хотод болсон уралдааны 3000 метрийн зайг 3 минут 50.815 секундийн хугацаанд туулан барианд орсон байна.


Ингэснээр C3 ангилалд хэдхэн цагийн өмнө өөрийнхөө тогтоогоод байсан 3:52.283 минутын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.


Харин уг төрөлд Хятадын дугуйчин Ван Сяомэй 3:54.975 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Дениз Шиндлер 3:55.120 минутад удаалж, хүрэл медалийн эзэн болжээ. 

Токиогийн Паралимпын наадам “Бид бүхэн жигүүртэй” уриаг түгээлээ

Токио /МОНЦАМЭ/. Өчигдөр /2021.08.24/ үдэш “Токио-2020” паралимпын наадмын бамбарыг Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд асаах хүндтэй үүргийг Японы пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисний тамирчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар хүлээсэн билээ.


Паралимпын бамбар ийнхүү Токиогийн тэнгэрт бадамлан асаж хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн спортын их баяр наадам 13 хоногийн турш үргэлжилнэ. Энэхүү  паралимпын XVI наадмын нээлтийн ёслол "Бид бүхэн жигүүртэй" гэсэн уриаг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлсэд чиглэсэн онцгой үйл явдал боллоо.  


Олон улсын паралимпын хороо /IPC/-ны ерөнхийлөгч Андрью Парсонс нээлтийн ёслолын үеэр “Бид бүхэн энд ирсэн гэдэгт итгэхгүй байна. Олон хүн энэ өдөр тохионо гэдэгт эргэлзэж байлаа. Тэд үүнийг боломжгүй гэж бодож байсан юм. Гэсэн хэдий ч олон хүний сэтгэл, хүч чармайлтын ачаар дэлхий дээрх хамгийн их өөрчлөлт дагуулсан спортын наадам нээлтээ хийж байна. Бид дэлхийгээ өөрчлөхийг хүсч байна” хэмээн онцлон хэлсэн юм.



Наадмын нээлтийн ёслолд Япон улсыг төлөөлөн тус улсын эзэн хаан Нарүхито болон олимпийн сайд Сэико Хашимото нар талархалаа илэрхийлж үг хэлж, амжилт хүссэн юм. Японы нийслэл Токио хот 1964 болон 2021 онуудад паралимпын наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулсан дэлхийн анхны хотоор түүхэнд бичигдэж байгаа билээ.




Зуны паралимпын наадамд өрсөлдөх баг тамирчдын жагсаалын эхэнд дүрвэгсдийн баг улс орнуудыг манлайлан цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн бөгөөд Алиа Исса болон Аббас Карими нар туг баригчаар сонгогдсон байв. Энэ наадамд Шинэ Зеландын баг тамирчид Covid-19-ийн халдвараас сэргийлж, нээлтийн ёслолд оролцоогүй.


“Энд ирсэн 6 тамирчин дайнд нэрвэгдэж эрхээ эдэлж чадахгүй байгаа дэлхийн 82 сая хүн, түүнчлн хөгжлийн бэрхшээлтэй 12 сая хүнийг төлөөлж байнахэмээн IPC-ын ерөнхийлөгч Андрью Парсонс үг хэлэхдээ онцолж байв.


Дүрвэгсдийн багийн араас улс оронд нь нөхцөл байдал тогтворгүй байдлын улмаас паралимпын тамирчид нь Токиод ирж чадаагүй Афганистан улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр цэнгэлдэхэд залсан юм. Энэ улсын тамирчдын талаар Андрью Парсонс тэднийг Токиод байлгахыг хүсч байгаа ч харамсалтай нь боломжгүй. Харин тэд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт" гэсэн юм.




Тэрбээр “Паралимпын тамирчдаа, Та нар энд ирэхийн төлөө цус, хөлс, нулимс гээд бүхнээ зориулсан. Харин одоо та нар авьяас, хүч, ур чадвар, шийдэмгий байдлаа дэлхий нийтэд харуулах цаг ирлээ. Дэлхийн дахин та нарыг аварга, найз, баатар, хамтран зүтгэгч, жириин хүн гэдгээр тань дахин таних цаг ирж байна. Хүн төрөлхтний хамгийн шилдэг нь Та бүхэн. Зөвхөн та л өөрийгөө хэн болохыг тодорхойлох цорын ганц хүн” хэмээн онцлон хэлсэн юм.




Паралимпын нээлтийн ёслолд Монголын баг тамирчид “Michel & Amazonka”-ийн урласан хувцсаар гангарсан бөгөөд багийн туг баригчаар А.Мөнхбат /жүдо бөх/, Д.Сэлэнгээ /байт харваа/ нар сонгогдсон билээ.








Токиогийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

ТОКИО. /Nikkei/. Токиогийн Паралимпын наадмын нээлтийн ёслол өнөө орой боллоо. Японы нийслэл хотод “COVID-19” халдварын тохиолдлын тоо урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олноор нэмэгдэх болоод буй “тун хүндхэн нөхцөл байдалд” энэхүү наадам эхэлж байна.


Нээлтийн үйл ажиллагаa ёслолын буудлагаар эхэлж, уламжлал ёсоор тамирчдын жагсаал боллоо. Харин зөрчил үүсээд буй Афганистан болон “COVID-19” халдварын улмаас нээлтийн ёслолд оролцохоос татгалзсан Шинэ Зеландын тугийг сайн дурын ажилтнууд барин жагссан байна.


Энэ удаагийн Паралимпын наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4000 орчим тамирчин, 12 мянган төлөөлөгчид оролцох юм. Токиогийн хувьд энэхүү наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй анхны хот болж байна. Нийт 13 өдөр үргэлжлэх наадмын тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр явуулах бөгөөд сургуулийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд үзэх төлөвтэй байна.



“Хэрэв хүн бүхэн гарын авлага дээрх дүрэм журмыг дагаж мөрдөж, шинжилгээгээ өгч, тамирчид, төлөөлөгчид Токиод ирэхдээ 88-90 хувь нь вакцинд хамрагдсан байвал бид наадмыг аюулгүй зохион байгуулж чадна” гэж Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ тэргүүн Эндрю Парсонс өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлсэн юм.


Гэвч Япон дахь халдварын болон эмнэлгийн нөхцөл байдал Олимпын наадам эхэлж байсан сарын өмнөх үетэй харьцуулахад нэлээд хүндрээд байна. Тухайлбал, Токиод өдөрт дунджаар халдварын 4700 орчим тохиолдол илрэх болжээ. Энэ үзүүлэлт долоодугаар сарын сүүлээр 1800 байсан юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн тоо 270 давсан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдэд халдвар авсан 4000 гаруй өвчтөн хэвтэж байгаа бол 25 мянга орчим хүн гэртээ эмчлүүлж байгаа юм.


Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токио болон бусад мужуудад тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх есдүгээр сарын 12 хүртэл сунгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. “Халдварын нөхцөл байдал ихээхэн хүндрээд байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгүүдийн ачаалал хэтрээд байна. Паралимп тун хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдах гэж байна” хэмээн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Хидэмаса Накамүра ярьжээ.


Олимпын наадмын үеэр гадаадын тамирчдаас илүү Японы сайн дурынхан, гэрээт ажилтнууд болон арын албаны бусад ажилтнуудын дунд халдварын олон тохиолдол илэрсэн юм. Харин Паралимпын наадамд Японд оршин суудаг 60 мянга орчим хүн ажиллах төлөвтэй байна.



“Наадамд оролцогчдын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Японы ажилтнуудыг шинжилгээнд олон удаа хамруулах гэх мэт нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж Олимпын наадмыг зохион байгуулагчдад “COVID-19”-ийн арга хэмжээнүүдийн талаар зөвлөсөн мэргэжилтэн Нобүхико Окабэ мэдээлжээ.


Өнгөрсөн ням гарагт Токиогийн наадмыг зохион байгуулагчид тамирчдын хотхонд нэвтрэх гэрээт ажилтнууд, сайн дурынхнаас өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдахыг хүснэ гэдгээ мэдэгдсэн юм. Өмнө нь тэднээс дөрвөн хоног тутам шинжилгээ авч байжээ.


Ийнхүү санаа зовних асуудлууд олон байгааг үл харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон нийтийн анхаарлыг хандуулдаг дэлхийн спортын томоохон наадам болох Паралимпыг зохион байгуулах цаг нь мөн гэдгийг ОУПХ-ны тэргүүн цохон тэмдэглэсэн байна.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цар тахалд илүү их нэрвэгдэж байхад дэлхий дахин тэднийг хамгаалах шаардлагатай үйлчилгээгээр хангаж чадахгүй байна. Ийм хүмүүс дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг боловч цар тахлын үед орхигдох болоод байна. Тэдний дуу хоолойг илүү чанга тодоор сонсгох хэрэгтэй байна” гэж Э.Парсонс ярьжээ. 

Бүтэн жил хүлээсэн Паралимпын наадам Токиод хөшгөө нээлээ

Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19 цагт Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.


Паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилсон бөгөөд ийнхүү хүсэн хүлээсэн их наадам Япон улсын нийслэлд хөшгөө нээлээ. 




Дэлхийн 160 гаруй улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин энэ наадмаар зохион байгуулах 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн паралимпын наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцох юм.






Монгол Улсын үндэсний шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.











Паралимпын XVI наадмыг нээх ёслол өнөөдөр болно

Токио /МОНЦАМЭ/. Өнөөдөр орой /2021.08.24/ япончууд, түүний дотор паралимпын сайн дурын ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс Токиод ирсэн зочдыг Япон үндэстний хамгийн сайн омотенаши буюу зочломтгой зангаараа найрсаар угтан авна.


Зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00-22.00 цагт Япон улсын нийслэл Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.


Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн паралимпын наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцох юм.


Паралимпын наадамд Монгол Улсаас Паралимпын XVI наадамд таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорино.


Монгол Улсын үндэсний шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.


“Токио-2020” зуны олимпын XXXII наадам болон паралимпын XVI наадмыг маш сайн зохион байгуулсан бэлтгэл ажил, гүйцэтгэлийн ачаар тамирчин бүр өөрийн дээд түвшиндээ амжилт гаргах болон хувийн амжилтаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө япончууд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.


Энэхүү наадмын үеэр Япон улс дэлхийн шилдэг технологийг бүх тэмцээн уралдаан, үйл ажиллагаа явагдах газруудад ашиглан зохион байгуулахад онцлон анхаарч байгаа юм.


Паралимп нь олон янз байдал дахь эв нэгдлийг эн тэргүүнд эрхэмлэн дээдэлдэг. Тухайлбал, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал үүсэл, эд хөрөнгө, төрөлт, чадварын түвшин болон бусад байдлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь амар амгаланг хадгалах, нийгмийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цэцэглэн хөгжихийн үндэс хэмээн эрхэмлэн чандлан сахиж байгаа билээ.



“Токио 2020” паралимпын наадам нь тав тухтай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ дэлхийн иргэдийн олон талт эв нэгдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд өнөөдөр маргаашийн үргэлжлэл төдийгүй харилцан хамааралтай гэдгийг энэ удаагийн наадам онцолж байна.


Өнөөдрөөс 57 жилийн өмнө “Токио-1964” олимпын наадам Япон орныг бүрэн өөрчилж, япончуудын гадаад ертөнцийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, Японы эдийн засгийг хурдацтай өсгөхөд тусалсан юм.


Тиймээс ч “Токио-2020” олимп болон паралимпын наадмууд нь төлөвшиж өндөр хөгжсөн эдийн засагтай Япон улсын ирээдүйн өөрчлөлт, хөгжлийг дэлхий даяар сурталчилж, хойч үедээ эерэг, сайн өв үлдээх боломжийг олгоно хэмээн үзэж байгаа аж. 



Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ

ТОКИО. /Kyodo/. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хурд хүчээ сорьдог дэлхийн хамгийн том наадмын үеэр тамирчид болон Японы иргэдийн аюулгүй байдалтай холбоотой олон асуултын хариулт тодорхойгүй хэвээр байгаа үед энэхүү наадам эхлэх гэж буй юм.


Ийнхүү Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр удаа зохион байгуулсан анхны хот болно. Өмнөх наадмыг 1964 онд зохион байгуулсан билээ. Энэ удаагийн наадмын хувьд, коронавирусний халдвар дэгдэхээс өмнө хэний ч төсөөлж байгаагүй нөхцөлд зохион байгуулагдана. Тухайлбал, танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг хориглох гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.


Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцож, ирэх есдүгээр сарын 5 хүртэл Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорино. Эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа юм.


Хэдийгээр 17 өдөр үргэлжилсэн Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийн дунд халдварын томоохон голомт үүсээгүй ч Паралимпын зарим тамирчны хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан илүү ноцтой шинж тэмдгүүд илрэх эрсдэл өндөр байх магадлалтай байна.


Токиод өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 5000 давах болсон нь долоодугаар сарын 23-нд Олимпын наадам эхлэхээс өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдээд байгаа юм. Токиогийн захирагч Койкэ Юрико өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал “гамшгийн түвшинд” хүрээд байгааг хэлжээ.


Үүний зэрэгцээ Японы эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихээхэн нэмэгдсэн бөгөөд эмнэлгийн орны хомсдолын улмаас гэртээ эмчлүүлж буй хүний тоо нэмэгдсээр байна.


Цар тахлын улмаас Самоа, Кирибати, Тонга, Вануату улсын тамирчид Японыг зорих боломжгүй болсон нь наадамд оролцох улс орон, бүс нутгийн тоог 2012 оны Лондоны Олимпын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болох 164-өөс цөөрүүлжээ.


“Токио-2020” наадмын гарын авлагын дагуу тамирчид өдөр бүр шинжилгээ өгч, тамирчдын хотхонд байхдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юм.


Олимпын наадмын нэгэн адил Японы эзэн хаан Нарүхито Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд наадмыг нээж буйг зарлах төлөвтэй байна. Нийт 68 мянган хүний суудалтай энэхүү хүрээлэнд болох нээлтийн ёслолд зөвхөн хүндэт төлөөлөгчид оролцох юм.


Паралимпын тамирчид 22 спортын төрлөөр 539 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэхүү наадмын хөтөлбөрт таеквондо, бадминтон анх удаа нэмэгдэж байгаа юм.


Токиогийн Паралимп хүмүүсийн өөр хоорондоо ялгаатай байдлыг тодотгон харуулах олон талт нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт зохион байгуулагчид найдаж байна. 

Эдгэрсэн хүний тоо 190 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 212 сая 583 мянга давж, эдгэрсэн хүний тоо 190 сая 197 мянгад хүрлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Японы паралимпын багийн төлөөлөгчид Монголын штабт зочлов

Токио /МОНЦАМЭ/. "Токио"2020" зуны паралимпын наадмыг зохион байгуулагч Японы паралимпын багийн ахлагч Кавай Жюничи, багийн дэд ахлагч Мики Матисон, багийн штабын ажилтан Шюн Фүрүя нар Монголын багийн штабаар зочлов.


Тэднийг Монголын Үндэсний Паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо хүндэтгэн угтан авч ярилцлаа.


Энэ үеэр Японы багийн төлөөлөгчид манай багийнханд амжилт хүсэж гарын бэлэг гардуулаад "Бээжин-2022" өвлийн паралимпын наадам болон "Парис-2024" зуны паралимпын наадамд оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.



Мөн Японы талаас Олон улсын Паралимпын хорооны тамирчдын комиссын сонгуульд нэр дэвшсэн усан спортын тамирчнаа дэмжиж санал өгөхийг хичээнгүйлэн хүсэв.

Монголын багийн туслах ажилтнаар япон бүсгүй томилогдлоо

Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны Паралимпын XVI наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн туслах ажилтан томилогдож өнөөдрөөс ажилдаа орлоо.                


Японы Осака хотын уугуул, монгол хэл эзэмшсэн энэ бүсгүй Дорнод аймгийн Чойбалсан хотод 2018 оноос эхлэн 1 жил 9 сарын хугацаатай ажиллаж, амьдарсан юм байна. 



Байт харвааныхан хөл тэргэнцэртээ засвар үйлчилгээ хийлгэв

Токио /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын багийнхан Паралимпыг зохион байгуулах хорооноос нийт баг тамирчдад тав тухтай орчинг бүрдүүлж, үйлчилгээндээ дэлхийн шилдэг технологи ашиглаж байгаад талархалтай байна.


Өнөөдөр Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав дасгалжуулагчтай байт харвааны тамирчид хөл тэргэнцэртээ засвар үйлчилгээ хийлгэж, тэмцээний бэлтгэлээ хангалаа.