Орон нутгийн удирдлагууд тулгамдсан асуудал, зорилт шийдлээ хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-16 14:26:56

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Жил бүр орон нутгийн удирдлагууд Улаанбаатар хотноо чуулж, УИХ, Засгийн газар болон бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдрийн чуулганыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж буй бөгөөд 21 аймгийн Засаг дарга,  ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүдийн оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэхдээ нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, шийдлийн талаар хэлэлцэхээр цугласныг сайшаагаад, нийгмийг амжилттай удирдан засаглахад шаардлагатай гурван зүй тогтлыг тайлбарласан юм. Тодруулбал Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэх буюу эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага гэдгийг ижил тэнцүү авч явах, Хоёрдугаарт, хуулиар засаглах ёсыг, хуулийн засаглалыг хатуу мөрдөх буюу хууль биелүүлээгүй тохиолдолд заавал хариуцлага хүлээх, хуулийн гадна хэн ч үлдэхгүй байх, Гуравдугаарт, иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжих гэсэг зүй тогтлууд бий гээд, үүнд нийцүүлж ажлаа гүйцэтгэхийг нутгийн удирдлагуудад сануулав.

Үүний дараа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасны дагуу бүх шатны Хурал, Засаг даргын хамтын ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газраас тогтмол хэрэгжүүлж байгааг онцлов. Тухайлбал Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, төвлөрсөн болон бүсчилсэн зорилтот сургалт, семинаруудыг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд явуулах,  жил бүр ИТХ-ын ажлын тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, дэвшилтэт ажлуудыг дэмжин сурталчлах, орон нутагт очиж мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт ажлыг зохион байгуулж байна гэлээ.  

Түүнчлэн бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар ханган, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох асуудлыг шийдэж байгаа ч цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн төвлөрлийг сааруулах, Хурал-Засаг даргын харилцааг тэнцвэржүүлэх, хамтын ажиллагааг зүй зохистой явуулах талаар анхаарах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн Холбооны Улсын санхүүгийн дэмжлэгээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулах зорилго тавин ажиллаж байгаа юм.

Чуулганд төрийн дээд байгууллагуудаас гадна сургалт, судалгаа, шинжилгээ, Төрийн бус байгууллагууд, Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж байна. Үүний дараа оролцогчид гурван чиглэлээр салбар хуралдаанд хуваагдан орж, агуулгын дагуу санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал зөвлөмж гаргах юм байна.

“Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулган “Блю скай” зочид буудалд үргэлжилж байна.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ