Футзалын эмэгтэй шилдэг багууд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2015-12-21 14:59:14

Монголын Хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны уламжлалт футзалын охид, эмэгтэйчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодруулав.

Энэ сарын 14-19-нд болсон тус тэмцээнд нийт 5 насны ангилалд хамгийн их буюу 33 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж медалийн эзэд болон шилжин явах цомын эзэд тодорсон юм. Тус тэмцээн U-11, U-13, U-15, U-17 болон 18-аас дээш гэсэн насны ангилалд явагдсан.

Тэмцээний хамгийн бага буюу 11 хүртэлх насанд нийт 4 баг оролцож тойргийн журмаар өрсөлдсөнөөс Г.Амарбаясгалан эзэнтэй Д.Рэнцэндорж дасгалжуулагчтай  “Сансар” багийн охид нэг ч оноо алдалгүй итгэл төгс аваргаллаа.

Мөнгөн медалийг А.Донтор эзэнтэй Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” баг хүртсэн бол хүрэл медалийг Энхтайван эзэнтэй Л.Болд дасгалжуулагчтай “Туулын том тулнууд” баг хүртлээ. Футзалын УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан, Архангай болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм Хужирт” зэрэг багууд хүрэлцэн ирж оролцлоо.

Тэмцээний 13 хүртэлх насанд алтан медалийг “Хараацай” клуб хүртэж “Туулын том тулнууд”, “Монголын тэмүүлэл” багууд удаах байрт шалгарлаа. 

15 хүртэлх насны ангилалд нийт найман баг өрсөлдсөнөөс “Туулын том тулнууд” баг аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. “Титэм Хужирт”, “Хоромхон” клубийн охидууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд хамгийн олон буюу нийт 10 баг оролцож, тэргүүн байранд “Дэрэн” клуб шалгарч мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл”, хүрэл медалийг “Баянзүрх” дүүргийн баг тус бүр хүртжээ. Тэмцээний хамгийн том буюу 18-аас дээш насны ангилалд “Арвис” клубын эмэгтэйчүүд аваргаар шалгарлаа. Тэд шигшээ тоглолтонд өөрсдийн гол өрсөлдөгч “Монголын тэмүүлэл” клубыг 2:1-ээр хожсон байна. “Арвис” клуб мөн хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлээд байсан юм. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн тэмцээнд мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл”, хүрэл медалийг “Зөгийнүүд” баг эзэлж шагналын тавцанд зогслоо. Тэмцээний нийт шагналын сан 9,150,000 байв.

Мөн нас насны шилдэг тамирчдад шагналыг гардууллаа. Шилдэг хаалгачаар 11 хүртэлх насны шилдэг “Сансар” клубын тоглогч Б.Индра, 13 хүртэлх насны шилдэг “ТТТ” клубын тоглогч Д.Энхмаа, 15 хүртэлх насны шилдэг “ТТТ” клубын тоглогч Б.Мөнхзул, 17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клубын Б.Алтжин, 18-аас дээш насны шилдэг “Арвис” клубын Баярцэцэг нар тодорлоо.

Шилдэг довтлогчоор 11 хүртэлх насны шилдэг “Сансар” клубын Э.Соргуударь /7 гоол/, 13 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клубын Б.Энхзолбоот /7 гоол/, 15 хүртэлх насны шилдэг “ ТТТ” клүбийн О.Сарангарав /14 гоол/ 17 хүртэлх насны шилдэг “Баянзүрх дүүрэг” Э.Номин /16 гоол буюу тэмцээний хамгийн олон гоол/, 18-аас дээш насны шилдгээр “Арвис” клубын Д.Хонгорзул /10 гоол/ тус бүр тодорлоо.

Шилдэг өв тэгш тоглогчоор 11 хүртэлх насны шилдэг “Сансар” клубын Г.Намуун, 13 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клуб Х.Болормаа, 15 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клуб Долгормаа, 17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” Г.Улсбаяр, 18-аас дээш насанд “Монголын тэмүүлэл” Г.Шинэцэцэг нар тодорч шагнал гардлаа.

Мөн футзалын УАШТ-ий шагнал гардуулах ёслолын үеэр “ФИФА” буюу ОУХБХ-оос МХБХ-ны шүүгч нарт ФИФА-гийн шүүгч болсныг бататгасан үнэмлэх гардуулав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ