НОБГ нэгдсэн арга хэмжээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-28 11:10:26

Манай орны нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч объектын гал түймрийн тоо буурахгүй байна гэж ОБЕГ-аас мэдээлсэн. Гал түймрийг бууруулах чиглэлээр НОБГ-аас нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

 Өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны гэр хороололд нэгдсэн арга хэмжээний нээлтийг хийнэ. Сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийн анхаарал сэрэмжийг дээшлүүлэх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг олон нийтэд  хүргэх юм.

Өчигдөр л гэхэд нийслэлд гал түймрийн дөрөв, зөрчлийн долоо, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлагатай байжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Эмээлтийн 9-ийн А тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг  хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажилласан байна. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Залуус хотхоны хоёр тоотод иргэн Э-ийн өрөөний тааз, хана шатсан бол Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд иргэн У-ын байшин галд автжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 7 дугаар гудамжинд иргэн О-ын байшин шатжээ. Хөдөө орон нутагт Дорноговь аймгийн Сайншанд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Завхан аймгийн Улиастай суманд объектын түймэр гарч иргэдийн эд хөрөнгө шатсан байна. Харин азаар хүн бэртэж гэмтээгүй аж.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ