Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-09-28 19:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос хагас зуун жил буюу 50 жилийн тэртээ 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хойд Америкийн Мексик улсын Мехико хотноо зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр анх удаагаа Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандсан түүхтэй.


Олимпийн наадам бол Олон улсын олимпийн хорооны олон шалгуур үзүүлэлтээр шигшигдэн сонгогдсон улс орон 8 жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж байж, 4 жил тутамд ганц удаа зохион байгуулдаг хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн спорт, биеийн тамирын хамгийн том баяр наадам юм. НҮБ-д гишүүнээр элсээд Бүрэн Эрхээ тунхаглаад удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа оролцсон бөгөөд 1968 оны Мехикогийн олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон. Тус олимпийн наадмын 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпийн хүрэл медалийн эзэд болсон бол Ж.Мөнхбат олимпийн наадмын анхны мөнгөн медальтан Монгол Улсын иргэн болж байсан билээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсаас олимпийн аваргын алтан медальтан хоёр, олимпийн мөнгөн медальтан 10, олимпийн хүрэл медальтан 14 нийт 25 хүн /олимпийн алт, мөнгөн хос медальт Н.Түвшинбаяр/ олимпийн медаль хүртээд байгаа юм. Монгол Улсынхаа нэрийг олимпийн тэнгэрт мандуулсан олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлийг энэхүү түүхт ойг угтаж он дарааллаар нь цувралаар хүргэж байна.


2. 1968 Мехико Данзандаржаагийн Сэрээтэр


Тамирчны ёс зүйд онцгой анхаарах хэрэгтэй байна


Дэлхийн спортын хамгийн том наадам болох зуны олимпийн наадамд Монгол Улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхэлж 13 удаа оролцохдоо хоёр олимпийн аварга, 10 мөнгөн медальтан, 14 хүрэл медальтныг төрүүлээд байгаа билээ. Өнгөрсөн 50 жилд эх орныхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан эдгээр алдар цуутай тамирчдынхаа гавьяа зүтгэлийг нь олон түмэндээ хүргэж сурталчилах зорилгоор олимпийн медальтнуудтай ярилцаж байгаа. Энэ удаа Мехикогийн олимпийн хүрэл медальт, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Харцага, Ардын багш, МУБИС-ийн БТДС-ийн бөхийн багш, порфессор Данзандаржаагийн Сэрээтэртэй уулзаж ярилцлаа.


-Та чөлөөт бөхийн спорттой анх яаж холбогдсон билээ?


-Би дунд сургуульд байхдаа үндэсний бөхөөр л барилддаг хүүхэд байв. Манай сургуульд аймгийн заан Банзрагч, Бадамгарав гэж аймгийн цолтой багш нар байлаа. Лүн сумын долоон жилийн сургуульд байхад Мөнхбат аварга байсан, Заамарын Жавзмаа гээд бөх барилддаг олон хүүхэд байжээ. Бид нар тэгээд байнга л барилдаж ноцолдоно. Сургуульдаа Майн нэгний барилдаанаар барилдаад би дөрөвт үлдэж байв. Хот руу нэг удаа ирсэн чинь Мөөеө аваргатай тааралдсан юм. Тэгээд намайг ногоон нуурын хөвөөн дээр нэг барилдаанд барилдуулсан юм. Тэгэхэд би хоёр давсан. Хэнийг давсан гэхээр Булганы Норов начин, заан Адъяа гуайг хаячихсан юм. Мөөеө намайг барилдах нөхөр байна гэж мэдээд, чи Спортын төв ордонд үндэсний бөхийн секцэнд очиж хичээллэ гэлээ. Яваад очлоо. Түвдэндорж аварга байна. Тэгээд намайг авч би үндэсний бөхөөр хичээллэсэн. Тэр үед Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд чөлөөт бөхөөр хичээллэхээр Болгар явчихсан юм билээ. Би ч сайн мэдээгүй л дээ. Удалгүй ЗХУ-аас чөлөөт бөхийн дасгалжуулагч ирсэн юм. Тэр дасгалжуулагч чөлөөт бөхөд хүүхэд сонгож авахаар ирсэн чинь Түвдэн багш хамгийн түрүүнд намайг барьж өгөөд энэ нөхөр л таны тэр бөхөд таарах хүн гэсэн. Тэгээд л би, Намшир, Гочоосүрэн гээд олон хүүхэд чөлөөт бөхөөр хичээллээд эхэлсэн дээ. Би багштайгаа босоогоор барилдахад унагаж орхино. Багш толгой сэгсэрнэ. Харин хэвтээд барилдахаар багшийг барахгүй. Хөл гар, хүзүү толгой мушгиад, сармай гээд чөлөөтийн мэхнүүд хийгээд үнэхээр дийлдэхгүй. Тэгээд 1961 оны хавар, Болгараас жил шахам чөлөөт бөхийн сургуулилт хийсэн бөхчүүд ирлээ. Тэдэнтэй барилдсан чинь тэднийг барна гэж байхгүй, ёстой мундаг юмаа. Тэгээд л тэдэнтэй хамт бэлтгэл хийсээр байгаад л чөлөөт бөхийн тамирчин болсон. Хамгийн анхны уулзалт тэмцээн Казахстанд болж, Би 63 кг-д Казахын спортын мастер Казанбеков гэж бөхийг ялсан юм. Тэгэхэд Зундуй заан 70 кг-д ОХУ-ын нэг мастерт ялагдсан юм. Маргааш өдрийн уулзалт тэмцээнд намайг дээш нь өгсүүлээд 70 кг-д нөгөө оросын бөхтэй барилдууллаа. Тэр үед чинь трико /чөлөөт бөхийн өмсгөл/ байхгүй үндэсний бөхийн шуудагтай, кэдтэй барилддаг байлаа. Би хоёр хөлд нь гүйж ороод тас гэдэргэнэ харуулж хаячихаад шуудагтай цээж нүцгэн дэвээд явсан чинь хүмүүс инээлдээд явчихаар нь гэнэт санаад л аягүй их ичиж сандарч билээ. Тэр үед ОХУ-ын хоёр спортын мастер тамирчныг ялсан тохиолдолд спортын мастер цол шууд олгодог байсан. Тэгээд л анхны чөлөөт бөхийн спортын мастер цолтон болж байлаа.


-Монгол Улс анх удаагаа 54 жилийн өмнө XVIII олимпийн наадамд оролцоход та чөлөөт бөхийн тамирчнаар оролцсон байдаг?


-1964 онд Японы нийслэл Токио хотноо болсон XVIII олимпийн наадамд манай улс анх удаа оролцсон. Чөлөөт бөхийн төрөлд найман бөх очсон юм. Бид Владивосток хот хүртэл нисэх онгоцоор яваад тэндээсээ усан онгоцоор Японд очсон. Биднийг монгол хэлтэй хүмүүс тосч авч, сайн байна уу, сайн явж ирэв үү? гэж хэлээд угтахад юун монгол байдаг билээ гэж бид их гайхсан. Тэгсэн Японы их сургуулийн монгол хэлний ангийн япон оюутнууд байсан юм билээ. Олимпийн тосгонд очоод л "Олимп" хэмээх их наадмыг анх удаа үзэж үнэхээр л гайхалтай сонин сайхан наадам болохыг мэдсэн. Олимпийн тосгон дотор дэлгүүр хоршоо явахдаа дандаа л дугуйгаар явдаг байлаа. Хүн бүрт дугуй өгнө. ОХУ-ын хүндийн өргөлтийн том биетэй оросууд дугуй унаад явахад жаахан явж байгаад нөгөө дугуй нь даахгүй сэнсэрч орхидог. Тэгэхэд нь тэнд байгаа үйлчилгээний хүмүүс гүйж ирээд л нөгөө дугуйг дор нь солиод өгнө эсвэл дугуй засварын газарт дор нь засаад өгнө. Дугуйг нь эвдчихээд байхад үнэгүй засаад өгдөг ямар сонин юм гэж бид их гайхаж байлаа. Олимпийн тосгонд бүх л спортын төрлийн олон орны тамирчидтай хамтдаа байрлаж байлаа. Тамирчид бэлтгэл сургуулилт хийхээр явахдаа автобусаар явна. Олимпийн нээлтийн ажиллагааг үзээд "Олимп" гэж ямар том гайхалтай наадам, уралдаан, цэнгэл болохыг харж биширсэн. Токиогийн олимпийн наадам маш сайн зохион байгуулалттай байсан. Чөлөөт бөхөөр манайхаас хамгийн хөнгөн жинд Ч.Дамдиншарав, 57 кг-д Сүхбаатар, 63 кг-д Б.Санжаа, Би 70 кг-д, 78 кг-д Ж.Мөнхбат аварга, 87 кг-д Х.Баянмөнх аварга, -97 кг-д том Ц.Санжаа, + 97 кг-д Ө.Эрдэнэ-Очир арслан барилдсан юм. О.Цэрэндагва багш дасгалжуулагчаар явсан. Мөнхбат VII, Дамдиншарав VIII байрт шалгарсан нь биднээс хамгийн өндөр амжилт гаргасан нь тэд байсан. Монголчууд дараагийн олимпоос медаль авах юм байна. Монгол морины сүүгээр угжуулж өссөн монголчууд их хүчтэй гэж тухайн үед гадаадын радио, сонин, хэвлэлээр ярьж, бичсэн байж билээ. Монголын багт бөхөөс гадна дугуй, хөнгөн атлетик, буудлагын спортын нийт 40-өөд хүн явсан юм. Монголын багийн ахлагчаар Намын төв хорооноос томилогдсон Цэнддорж гуай байсан. Токиогийн олимпийн наадмаас бид их зүйлийг үзэж, мэдэж, сурч ирсэн гэж боддог.


-Одоогоос 50 жилийн өмнө 1968 оны Мехикогийн олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд манай бөхчүүд үнэхээр л гялалзсан түүхэн амжилт үзүүлсэн?


-Токиогийн олимпийн дараа 1965 онд Английн Манчестр хотноо болсон ДАШТ-д дөрвөн бөх оролцсон юм. Энэ тэмцээнд Дамдиншарав, Мөнхбат, Баянмөнх бид дөрөв Цэрэндагва багшийн хамт явсан. Бид 1963 оны ДАШТ, Токиогийн олимпод оролцоод үзсэн нэлээд туршлагатай болоод байсан үе. Тэгээд Манчестрын ДАШТ-д бид сайн барилдсан, би шагналт VI байрт шалгарсан нь анхны том амжилт болсон. 1966 онд Канадын Толидо хотноо болсон ДАШТ-ээс хоёр гурван ч бөх шагналт IV байрт орсон. Дели хотноо 1967 оны ДАШТ-д бүтэн багаараа оролцож, Мөнхбат аварга Монголын бөхчүүдээс ДАШТ-ий анхны хүрэл медалийн эзэн болсон. Тэгээд 1968 оны Мехикогийн олимпийн наадамд оролцох бөхчүүд Улсын наадмын дараа Отгонтэнгэр ууланд очиж есдүгээр сар гартал бэлтгэл хийсэн. ЗХУ-ын мэргэжилтэн Лоиск гэж багш байлаа. Тэнд бэлтгэл хийсэний учир нь Мехико хотын далайн түвшний өндөртэй нь адилхан байсан юм. Миний хувьд, Отгонтэнгэрт анх очоод эхний 14 хоногт толгой эргээд, хамраас цус гараад нэлээд хүнд байсан. Тэгээд 14 хоноод аажимдаа дасаад зүгээр болсон. Отгонтэнгэрийн амралтанд хониныхоо тарган мах , тараг, айраг, сүү, цагаан идээгээ идэж уугаад ууланд гүйж, хөлбөмбөг тоглож, бэлтгэл сургуулилтаа сайхан хийсэн. Тэр үед бидэнд төр, засгаас их анхаарал тавьсан. Завхан аймгийн засаг захиргаанаас ч их дэмжиж тусалсан. Отгонтэнгэрт нэг жинд гэхэд хоёр гурван өрсөлдөгч, бэлтгэл хангагч бөхчүүдтэй олуулаа явсан. Дамдиншаравын 52 кг-д нөөц бөхөөр С.Сүрэнжав, 57 кг-д Д.Ганбат, 63 кг-д Ц.Нацагдорж, Х.Намжим хоёр, миний жинд нөөц бөхгүй боловч намайг доошоо Нацагдорж, дээшээ Артагтай барилдуулдаг байв. 78 кг-д П.Дагвасүрэн /арслан/ оролцох байсан, нөөц бөхөөр Артаг явж байлаа. Бүх жин л нөөц бөхтэй явсан. +97 кг-д нөөц бөхөөр Адъяатөмөр явсан. Тэгээд бид 10-аад хоногийн өмнө Мехико-д очсон. Тэгээд эхний өдөр барилдахад бидэнд цаг агаар огт нөлөөлөөгүй, ядрах ч үгүй байсан. Харин зарим орны тамирчдад Мексикийн цаг агаар тохирохгүй байсан. ЗХУ-ын бөхчүүд ядарлаа, толгой эргэлээ гээд л, бүр ухаан алдаж дамнуургатай дэвжээнээс буусан тохиолдол ч гарсан. Энэ нь нөгөө өндөр газрын агаарын даралт, уур амьсгал нь тохирохгүй байснаас үүдэлтэй.




-Олимпийн медаль хүртсэн тэр өдрийг эргэн дурсана уу?


-Хамгийн хөнгөн Дамдиншаравын барилдаанд шүүгчдээс хавчих тохиолдол ч гарсан. Бас өөрөө олон кг жин хассан болохоор нэлээд ядарсан. Эхний тойргийн нэг барилдаанд гурав торгуулсан. Тэгээд дараагийн тойргуудад өрсөлдөгчөө бүгдийг цэвэр ялах шаардлагатай болсон. Дамдиншарав маань бүх өрсөлдөгчөө цэвэр ялсаар яваад л шигшээ барилдаанд үлдэж анхны хүрэл медалийг хүртсэн дээ. Тэр үед бүх жингийн бөхчүүд өдөр бүр барилдана, өглөө бүхэн жингээ үзүүлдэг болохоор гурав дөрвөн өдөр л жингээ барьдаг болохоор хүндхэн байжээ. Тэгээд л бид чинь 1964 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас анх удаагаа олимпийн гурван хүрэл, нэг мөнгөн медальтан төрж бид бөөн баяр хөөр болсон.


-Та 1965 оноос л ДАШТ-д оролцож эхлээд 1970 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Та олон кг жин хасдаг байв уу?


-Миний хувьд их жин хасдаг байлаа. 1968 оны олимпоос хойш жин өгсөж барилдвал илүү амжилт гаргах юм байна гэж бодох болсон. Яагаад гэвэл би 11-12 кг хасдаг байлаа. Мехикогийн олимпийн дараа Олон улсын бөхийн холбооноос жингийн өөрчлөлт хийсэн юм. Тэгээд 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 68 кг, 74 кг гэж өөрчилсөн. 1969 оны ДАШТ-д манай хоёр багш намайг 68 кг-д барилдуулсан чинь би 12 кг хасаад их ядарч олигтой амжилт гаргаж чадаагүй. Харин Канадын Эдмонтонд 1970 онд болсон ДАШТ-д 74 кг-д жин өгсөж барилдаад хүрэл медаль авсан. Энд би луйвардуулсан. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Ираны бөхөөс дөрвөн оноо илүү байхад, харин түүнд хоёр оноог минь өгч тэнцүүлээд тэр мөнгөн медаль хүртэж байлаа. 1971 оны ДАШТ-д нэг ч ялагдаагүй боловч VI байрт орсон. Тэр үед /карма/ халаасны оноо гэж байсан. Энэ шүүлтийн дүрмээр байр ухарсан юм.


- Таны амжилт гаргахад нөлөөлсөн олон сайн тамирчид байсан нь лавтай. Тэднийхээ тухай дурсана уу?


-Миний амжилтанд нөлөөлсөн бөхчүүд гэвэл доод жингийн /68 кг-д/ Ц.Нацагдорж, З.Ойдов, дээд жинд Т.Артаг, Зундуй заан байна. Улсын начин Цэрэндаш /Говь-Алтай/ гээд 78 кг-ын олон залуу бөхчүүд бий. Бүр дээшилбэл, 82 кг-ын Дагвасүрэн арслан, Хайдав арслан, Батчулуун гэж залуу байлаа. Өөрөөсөө давуу давуу хүчтэй бөхчүүдтэй барилдаж байсан маань намайг маш их хурцалж өгсөн гэж боддог. Энэ гавьяатан нөхдөөрөө би бахархаж, баярлаж явдаг даа. Ардчилал гарч ирээд одоо гавьяа, зүтгэлийг дор нь үнэлүүлдэг сайхан болжээ. Бидний үед чинь монгол дээл, гутлаа өмсөөд дарга нарын өрөөнд орвол хоцрогдсон нөхөр гээд л загнуулдаг байж. Эрх чөлөөтэй сайхан болсон хэдий ч уламжлалт ёс жудагаа эрхэмлэн дээдлэх нь өнөөгийн залууст чухал байна. Зарим залуус хэнэггүй, задгай замбраагүй байгаад л их эмзэглэж явдаг. Олимпийн наадам бол дөрвөн жилд нэг удаа болдог, энэ наадамд одоо бол шууд оролцох боломжгүй заавал тодорхой шалгуурыг давж олимпийн эрх авдаг. Тэгэхээр бусдаас онцгой авч үнэлэх нь зүй ёсны хэрэг. 2008 оны олимпийн аварга, олимпийн медальтнуудаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ард түмнийхээ хамт Сүхбаатарын талбайдаа халуун дулаанаар хүлээн авч, төрийн өндөр цол хэргэм олгож, их хэмжээний шагнал урамшуулал олгож байсныг бид мэднэ. Тэр үед би гадаадад явж байгаад харсан их гоё санагдсан. Биднийг олимпийн наадмаас ирэх үед чинь МОНЦАМЭ агентлаг олон түмэнд мэдээлж , хэдэн дарга нар л баяр хүргэж байлаа. Хүмүүс сайн явж ирэв үү, юу үзэж харав гэхээс өөрөөр олимпийн наадам гэдгийг бараг мэддэггүй байлаа.


-Таныг хамгийн хурдтай, олон угсраа мэхтэй бөх байсан гэдэг. Таны барилдааны онцлог юу байв?


-Чөлөөт бөх, үндэсний бөх хоёрт хамгийн хурдтай барилдаантай гэж нөхдүүд маань хэлдэг юм. Би өөрийнхөө хурдыг яаж мэдэх билээ. Үндэсний бөхийн зогсож буй зураг байхаас мэх хийж байгаа барилдааны зураг огт байдаггүй юм. Чөлөөт бөхөд ч мөн адил. Зурагчид, сэтгүүлчдээс барилдааны зураг нэхэхээр авч болохгүй байна гэдэг юм. Мехикогийн олимпийн наадмын болон ДАШТ-ий барилдааныг Уртнасан гуайн авсан кино хальсанд үлдсэн байдаг. Ер нь миний мэх хийж байгаа зураг цөөхөн. Миний хувьд хурдтай байхгүй бол надад унах хүн олдохгүй шүү дээ. Яагаад гэвэл дандаа надаас жин ихтэй, чац мөч том бөхчүүд байдаг болохоор хурдаараа л илүү байж өрсөлдөгчөө давна. Бас бэлтгэл сайн учраас огт ядардаггүй байж. Энэ нь миний багш нар, бэлтгэл хангагч нарын маань зүтгэл, ач буян гэж боддог. Бас нэг онцлог гэвэл би их хөлөрдөг. Тэгээд өрсөлдөгч намайг барих гэхээр гар нь хальтраад байдаг. Ганц минут ч бололгүй хөлс урсаад бие шал нойтон болчихдог нь надад байгалиас заяасан юм болов уу. Эцэж ядрахгүй, шал норж орхихоор сэжиглээд л допингийн шинжилгээ авна. ДАШТ-ий нэг барилдаан дээр гурван удаа допингийн шинжилгээ авсан тохиолдол ч бий. Тэгээд допингийн шинжилгээ авахаар шээлгэх гэхээр жин их хассан, хөлөрсөн болохоор юу ч гарахгүй. Бас эмэгтэй хүн стакан бариад зогсохоор чинь гар руу нь шээчих болов уу гэж бодно, монгол хүн ичимхий болоод ч тэр үү хүчлээд хүчлээд шээс гарч өгөхгүй. Олон улсын бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Болгар хүн байсан. Тэр хүн та нар Монголын Сэрээтэрээс шинжилгээ нэг аваад болоо юм биш үү, хэдэн удаа авдаг юм, хүний барилдааныг нь хийлгэхгүй гэж загнаж байж билээ. Би чац багатай болохоор олон мэхний хувилбар хийхгүй л бол ганц мэхээр өрсөлдөгчөө ялах амаргүй. Тиймээс л олон угсраа мэх хийж барилдах нь миний барилдааны онцлог байсан болов уу.


-Та 50 жилийн өмнө олимпийн хүрэл, 48 жилийн өмнө ДАШТ-ий хүрэл медалийг хүртэж гавьяат тамирчин, дараа олон шавь төрүүлж Ардын багш хэмээх алдар цолтон болж бөхийн спорттой ажил, амьдралаа холбосон хүн. Бөх, дасгалжуулагчийн ажлыг олон жил хийж явсан хүний хувьд Монголоос төрсөн үе үеийн алдарт бөхчүүдээс хэн хэний мэх, арга техникийг нийлүүлж орхивол хамгийн шилдэг болох бол?


-Чөлөөт бөх, үндэсний бөх ялгаагүй л дээ. Ч.Бээжин аваргын угсраа мэх, А.Сүхбат аваргын олон угсраа мэх, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргын тэр их ухааныг нийлүүлээд нэг хүн болгож орхивол дэлхийд дийлдэхгүй бөх гарна гэж боддог. Хөнгөн жинд гэвэл 52 кг-ын Ганбат гэж одоо байгаа. Түүний барилдааныг их хардаг байлаа. Тэр маш хурдан хөдөлгөөнтэй үнэхээр уран барилдаантай бөх. Даан ч том амжилт гаргаж чадалгүй гэмтэл аваад бөхөө орхисон. Үндэсний бөхөд уран барилдаант А.Сүхбат аварга байна. Даваабаатараас эхлээд олон сайн бөх бий. Чөлөөт бөхөд олон шилдэг бөхчүүд байдаг. За тэр Ло, Лу Энхбаяр гэж олон сүлжээ мэхтэй бөхчүүд байлаа. Д.Оюунболд үнэхээр гайхалтай бөх. Монгол бөхөөр тасрахгүй шүү. Бид бөхийн удамтай ард түмэн. Ганцхан зөв сургалт чухал. Багш нар үүнд онцгой анхаарах ёстой. Дор бүрдээ хэдэн хүүхэд хичээллүүлээд зөвхөн тэднийгээ л тэргүүн эгнээнд байлгах гээд байж болохгүй л дээ. Ингэж өмчилж, өөр хооронд нь сөргөлдүүлж, өс хонзон болгох гээд байдаг тал бий. Хүний өөрийн гэж ялгалгүй хайрлаж, шударга байж жинхэнэ спорт гэдэг утгаар нь өрсөлдүүлж шилдэг тамирчдыг төрүүлнэ. Олон сайн баг, клуб байж л тэдний дотроос сайн бөх гарч ирнэ. Мөн үндэсний бөхөө суурилуулж чөлөөт бөх болон бусад бөхийн спорт хөгжинө. Ялангуяа 68-70 кг-аас дээш жинтэй бөхчүүд үндэсний бөхөөр барилдах ёстой. Манай өмнөх үеийн 70 кг-аас дээш жингийн алдартай аварга бөхчүүд бүгд л үндэсний бөхийн цолтой шүү дээ. Ер нь үндэсний бөхөөр барилддаггүй монгол хүүхэд байдаггүй. Нэг жишээ дурдахад, 52 кг-д барилдаж байсан Лодой гэдэг бөх зааланд Цэрэн аваргыг гүйж ороод нэг гар дээрээ өргөөд хаяж байсан. Тэгэхээр жижигдэнэ гэж байхгүй л байгаа биз дээ. Олон клуб байж л тэдний дундаас хамгийн шилдгийг нь сонгож шигшээ баг бүрдүүлэх ёстой. Алсын хараатай, зөв бодлоготой сургалт явуулж чадах багш, дасгалжуулагчтай байж амжилт олно. Шалгаруулалт явцуу хүрээнд бус, маш шударга, зарчимч байх ёстой.


-Та өөрийн хань, үр хүүхдүүдийнхээ талаар манай уншигч олон түмэнд танилцуулна уу?


-Миний гэр бүлийн хүн МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ц.Должин гэж хүн бий. Миний хань МУИС-ийн оюутан байхдаа волейболын тамирчин байсан. Би таван хүүхэдтэй хүн.


-Таны аав, ээжийн талд болон танай удамд бөх хүн байсан уу?


-Бөхийн удам байхгүй. Харин манай аав Намсрайн Данзандаржаа их бяр, тэнхээтэй хүн байсан. Жин тээж их явдаг. Үргэлж л ачаа тээш их ачиж, буулгадаг байсан юм билээ. Морь сайхан уургална. Жин ихтэй, барилдвал их гавшгай байсан гэж үеийнхэн нь хүмүүс ярьдаг юм. Харин өөрөө барилдах дургүй. Морь, малд их нүдтэй, өөрөө л эмчилдэг байсан учраас хүмүүс аавыг их урьж, зална. Давхар хүйстэй хургыг хүйсийг нь огтлоод авчихна, эргүү малын тархийг ухаад эдгээнэ. Морь хатгана, адуу, мал үхэх гэж байхад босгоод л ирнэ. Миний ээж сайхан хүн байсан. Бид эхээсээ дөрвүүл. Бүгдээрээ хүү. Хоёр ах маань Булган аймгийн Гурванбулаг сумынх. Дүү бид хоёр Төв аймгийн Лүн сумынх. Бид эх нэгтэй, эцэг өөртэй юм. Миний ээж их уран хүн байсан гэдэг. Намайг есөн настай, дүүг зургаан настай байхад ээж маань бурхан болсон. Тэгээд бид хоёр аавтайгаа үлдсэн. Манайх бол малтай, хөрөнгөтэй дажгүй амьдралтай айл байлаа. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөнөөр малаа нэгдэлд өгсөн. Тэр үед манай Лүн суманд нэгдэл байгаагүй. Тэгээд Төв аймгийн Угтаалцайдамын "Сонин хангай" нэгдэлд малаа өгөөд 1960 онд хот руу орж ирж амьдарсан.


-Өнөөгийн чөлөөт бөхийн амжилт хөгжлийн талаар юу хэлэх вэ?


-Чөлөөт бөхийн холбоо нэг үеэ бодвол хөдөлгөөнд орсон. Амжилт олж байна. Ахмад бөхчүүд биднийг Удирдах зөвлөл, ёс зүйн зөвлөлд оруулдаг л юм. Гэхдээ бидний зөвлөгөөг аваад, асууж байгаа ч юм одоогоор алга. Манай багш дасгалжуулагчдын хувьд мэдлэг, мэргэжил, ур чадвараараа дутагдах юм байхгүй. Гагцхүү хүмүүжил, ёс зүйн хувьд учир дутагдалтай байгаа. Дотор санаагаа ариусгасан байх нь бөх хүн, бөхийн багш дасгалжуулагч хүний эрхэмлэх ёстой чанар. Танил тал харж эсвэл явцуу хүрээнд ажил явуулж хэрхэвч болохгүй. Эвтэй найрсаг, шударга өрсөлдөөнийг бий болгож байж л амжилт олно. Өнөөдөр эмэгтэй бөхчүүдээс Дэлхийн аварга болон медальтнууд төрж байна. Цаашдаа ч төрнө, үнэхээр бахархалтай. Монгол эмэгтэй хүн наадамд түрүүлж байснаас болж зодгийг задгай болгож өөрчилсөн гэдэг түүх ч байдаг. Манай бүсгүйчүүдээс олимпийн аварга бөх төрөх нь дамжиггүй. Харин сургалт дасгалжуулалтандаа онцгой анхаарах ёстой. Эр хүн шиг сураар ороолгуулаад барилдахгүй, наад зах нь бие шалтгаантай байвал эмэгтэй хүн гомдоно. Эмэгтэй тамирчин тэр дундаа бөх бэлтгэнэ гэдэг маш нарийн, эмзэг асуудал. Манай эрэгтэй бөхчүүд олимп, тив, дэлхийд амжилт гаргах бүрэн боломжтой. Гагцхүү өнөөгийн сургалт, дасгалжуулалтаа зөв явуулж, зөв удирдаж, зөв бодлогоор хөгжүүлэхэд л өнөөгийн залуус ур чадвар, ухаанаа ил тод уралдуулах хэрэгтэй байгаа юм. Монголчууд олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд бид олимпийн аваргатай ч болсон. Биднээс хойш Монгол Улсын иргэн 21 хүн олимпийн медаль хүртэж, хос медальтан ч төрлөө. Цаашдаа ч олон олимпийн аварга, медальтнууд төрнө гэдэгт итгэл дүүрэн байна.

Холбоотой мэдээ