Монгол Улс Абу Дабид Элчин сайдын яамаа нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-07 14:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яам байгуулах тухай Засгийн газрын зөвшилцөх саналыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр, “АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор АНЭУ-д Монголын 40 гаруй иргэн байнга оршин суудаг. Цаашдаа уг тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Элчин сайдын яам нээхээр шийдсэн” хэмээв.

АНУ-д байгуулах Элчин сайдын яамны орон тоо болон зардлын талаар Д.Оюунхорол, Н.Энхболд, Х.Нямбаатар нарын гишүүд тодрууллаа.

Элчин сайдын яам эхний ээлжин гурван ажилтны орон тоотой ажиллана гэдгийг Д.Цогтбаатар сайд хэлээд, “Яамны орон байрны түрээс, унаанаас эхлээд зардал гарна. Зарим гол зардлыг эхний гурван жилийн хугацаанд АНЭУ-ын тал хариуцахаа мэдэгдсэн. Дараагаар нь шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгах болно” гэсэн хариулт өгөв.

Мөн Н.Энхболд гишүүн цэргийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар тус улсын БХЯ-тай нягт хамтран ажиллах боломж байгааг дурьдлаа. Түүнчлэн Арабын улс орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Элчин сайдын яам гол анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээхийг дэмжиж, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ