Санкэй шимбүн: Энхийн гэрээ байгуулсны дараа Хабомаи, Шикотан арлуудыг Японд шилжүүлэн өгнө

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-11-21 16:53:41

Путин, Абэ хоёр ирэх гурван жилийн дотор Энхийн гэрээ байгуулахаар тохиролцжээ. Үүнтэй холбогдуулан Японы зохиолч Масару Сато ямар нөхцлүүдийн үндсэн дээр хоёр тал тохиролцоонд хүрэх вэ гэдэг талаар өөрийн таамаглалыг дэвшүүлсэн байна. Түүний бодлоор, Японы тал зөвхөн хоёр арлыг буцаан авах ба үлдсэн хоёрыг нь “япончлох”замаар арай хожуухан өөртөө нэгтгэн авах боломжтой ажээ. Харин Орос улс эдгээр арлуудад Америкийн цэргийг байрлуулахгүй байхыг шаардаж магадгүй хэмээн ноён Сато таамаглаж байгаа тухай Японы "Санкей шимбүн" сонинд бичсэнийг орчуулан хүргэе. 


“Хойд нутгийн” асуудлаарх хэлэлцээ гацаанаас гарлаа


11 дүгээр сарын 14-ний орой Ерөнхий сайд Абэ Оросын Ерөнхийлөгч Путинтэй Сингапурт уулзжээ. Хоёр тал 3 жилийн дотор Энхийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн ирэх оны 1 дүгээр сард Японы Ерөнхий сайд Орост айлчлах үеэрээ Путинтэй асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм. Хоёр улсын удирдагчид Энхийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь 70 гаруй жилийн хугацаанд зохицуулж чадахгүй байсан “хойд нутгийн асуудал”-ыг шийдэхэд эргэлтийн үе эхэллээ гэсэн үг. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд Абэ сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “70 гаруй жилийн турш санаа зовоож буй дайны дараа үүссэн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж, түүнийг хойч үеийнхэнд өвлүүлж үлдээхгүй байх гэсэн чин хүсэл Путин бид хоёрт бий” гэсэн юм. 


“1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглалын үндсэн дээр Энхийн гэрээ байгуулах хэлэлцээг түргэвчлэхээр бид тохиролцлоо” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ. Энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Хабомаи, Шикотан арлуудыг Японы талд шилжүүлэн өгнө гэж Тунхаглалд заасан байгаа. Дашрамд дурдахад, нэгэн албаны хүний ярьснаар, Абэ Японы засгийн газрын баримталж буй чиг шугамыг ээлжит удаагаа тайлбарласан бөгөөд энэхүү бодлогын зорилго нь  “эхлээд дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдэх, дараа нь Энхийн гэрээ байгуулах”-ад оршиж байгаа юм. Оросын удирдагч үүнийг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. 


Япон улсын байр суурьт өөрчлөлт ороогүй гэдгийг Засгийн газар тайлбарласан: Эхлээд харьяаллын асуудлыг зохицуулах, дараа нь Энхийн гэрээнд гарын үсэг зурах. Логикийн үүднээс бол харьяаллын асуудлыг шийдэх 5 хувилбар байна: Үүнд Япон 4/Орос 0; Япон 3/Орос 1; Япон 2/Орос 2; Япон 1/Орос 3; ба Япон 0/Орос 4;


Энхийн гэрээний асуудлаарх хэлэлцээний явцыг түргэсгэх талаар Путин, Абэ нарын хийсэн мэдэгдлүүдийг 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглалд үндэслэн авч үзье. Тунхаглалын 9 дүгээр зүйлд “Үүний сацуу Япон улсын ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр тус улсын хүсэл эрмэлзлийг ойлгож, ЗСБНХУ-ын зүгээс Хабомаи, Шикотан арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ ЗХУ болон Япон улсын хооронд Энхийн гэрээ байгуулсны дараа эдгээр арлыг Японд шилжүүлэн өгнө” гэжээ.


Миний бодлоор, ОХУ, Японы төрийн тэргүүн нар Энхийн гэрээ байгуулах хэлэлцээг дараах байдлаар явуулах болов уу. Хабомаи, Шикотан арлууд Японы харьяалалд орж, Кунашир, Итуруп арлууд Оросын харьяалалд үлдэх ба Орос-Японы хооронд хилийн шугам татна. Хилийн шугам тогтоох ба нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх нь угтаа бол нэг л зүйл юм. Энэ бол Орос, Японы хооронд дайны дараа үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн үг.Орос улс “хойд нутгийг” хууль бусаар эзлэн авсан гэсэн утга бүхий хуульзүйн хэллэгээ Японы эрх баригчид өөрчилнө.  


Хабомаи, Шикотан хоёр Японых болох учраас тэнд япончууд амьдран сууж, эдийн засгийн болон соёлын үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Кунашир, Итуруп гэсэн хоёр арал Оросын харьяанд байх ба эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай Японы онцгой статусыг хүлээн зөвшөөрөхийн тулд тусгай системийг боловсруулах болно. Тусгай гэрээ байгуулах боломж ч бий.

Япончууд Итуруп, Кунашир арлуудад очицгоох ба эдгээр арлыг “япончилсноор” Японых болно. Энэ талаар Оростой гэрээ байгуулах боломж байгааг би үгүйсгэхгүй. 


Удахгүй болох хэлэлцээрийн явцад Хабомаи, Шикотан арлууд Японы харьяалалд орно гэдгийг Орос улс хүлээн зөвшөөрөх нь чухал. Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглалд  “ЗСБНХУ Хабомаи, Шикотан арлуудыг Японы талд шилжүүлэн өгнө” гэж бичсэн боловч харьяаллын тухайд огт дурдаагүй юм. Иймээс Орос улс хандлагаа өөрчилж, энэ хоёр арлыг Оросын мэдэлд үлдээж, Японы тал хугацаагүйгээр түрээслэхээр болж магадгүй юм.


1955-1956 онд болсон хэлэлцээрүүдийн явцад дүн шинжилгээ хийхэд бүх зүйлийн урьдчилсан нөхцөл нь харьяаллыг шилжүүлэх асуудал байсан бөгөөд Японы талын байр суурь давамгайлж байсан юм.


Түүнээс гадна, Хабомаи, Шикотан хоёрыг шилжүүлэн өгсний дараа тэнд Америкийн цэргийг байрлуулахгүй байхыг Орос улс шаардах болов уу. Одоогоор тэнд Америкийн цэрэг ч байхгүй, Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ч байхгүй, учир нь Японы аюулгүй байдалд ямар ч аюул занал учраагүй байгаа юм. Токио, Вашингтон нөхцөл байдлыг хэлэлцсэнийхээ дараа Путинд амлалт өгч магадгүй бөгөөд ингэснээр түүнийг тайвшруулах болно.


Ямартай ч Осака хотод ирэх оны 6 дугаар сард болох G20-ийн Дээд хэмжээний уулзалтаас өмнө “хойд нутаг”-ийн асуудлыг шийдвэрлэх боломж гарч ирлээ. Орос, Японы хамтын ажиллагааны үр дүнд Хятадыг тогтоон барих боломжтой болно. Миний хувьд, Абэ-гийн стратегийн шийдэмгий байдлыг дэмжиж байгаа бөгөөд зөвхөн тэр л ийм шийдэмгий байж чадах хүн билээ.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20181120/244041470.html

Холбоотой мэдээ