Үерт өртсөн хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-12-12 09:29:22

Ховд/МОНЦАМЭ/Японы Хүүхдийг Ивээх Сан, Япон Платформ Сан хамтран “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийг энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарыг дуустал Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна. 
Төслийн зорилго нь энэ оны долоодугаар сард Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Чандмань сумын нутаг дэвсгэрт тохиолдсон үер усны аюулд өртсөн айл өрхүүдийн хүүхдүүдэд гамшгийн нөхөн сэргээх тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

“Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийг орон нутагт сурталчлах, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, санамж бичиг байгуулах, төслийн орон нутгийн хяналтын зөвлөл байгуулах, үерт өртсөн хүн амд нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтнууд Ховд аймагт ажиллаж байна.
Энэ үеэр орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтан Э.Оюунмаа, Э.Дуламсүрэн, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дахь төслийн ажилтан Н.Бадамцэцэг, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг болон Жаргалант сумын багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтын хүрээнд “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийн зорилго, зорилтот бүлэг, үйл ажиллагаа, орон нутгийн байгууллагуудын үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. Мөн төслийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, зорилтот бүлгийн хүүхдүүдийг сонгох, нарийвчилсан судалгаа хийх, мэдээллийг нягтлан боловсруулах чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй “Орон нутгийн хяналтын зөвлөл” байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дахь төслийн ажилтан Н.Бадамцэцэг хэлэхдээ: Төслийн багийн урьдчилсан судалгаагаар Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Чандмань сумын хэмжээнд үерт өртсөн 94 өрхийн 335 хүүхэд төсөлд хамрагдахаар байна. Эдгээр хүүхдүүдийн тоог тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу нарийвчлан гаргах ажлыг Орон нутгийн хяналтын зөвлөлтэй хамтран зохион байгуулах бөгөөд зорилтот бүлгийн хүүхдийн боловсролыг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв. Мөн төслийн хүрээнд олон нийтэд түшиглэсэн үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах ажээ.

Холбоотой мэдээ