Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум шударга ёсыг цогцлооход хувь нэмэр оруулав

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2018-12-15 11:55:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-гийн 2-р зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төв хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форумыг энэ  сарын 13-14-нд зохион байгууллаа.

Форумаар хүүхэд, залуучууд болон эмэгтэйчүүдэд тулааны урлагаар идэвхтэй хичээллэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийг даван туулах арга зам, спорт тэр тусмаа тулааны урлагийг хөгжүүлж хөхиүлэн дэмжихийн ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шинэ санаачилгуудыг гаргасан бөгөөд цаашид бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжуудыг тодорхойлов. 
Тус форумд БНАСАУ-аас ЮНЕСКО-ийн БНАСАУ-ын үндэсний комисс, БНАСАУ-ын таеквондогийн хороо, БНСУ-аас Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын спортын шинжлэх ухааны институт, ЮНЕСКО-ийн БНСУ-ын үндэсний комисс, Тэккёны хадгалалт хамгаалалтын нийгэмлэг, БНХАУ-аас Хубэй их сургуулийн Биеийн тамирын боловсролын коллеж, БНХАУ-ын Нийслэлийн биеийн тамир, спортын их сургууль, Япон улсаас Жунтендо их сургууль, Олимп, паралимпийн зохион байгуулах Токиогийн хороо болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож туршлагаасаа хуваалцлаа. 
Форум нь БНАСАУ, БНСУ, БНХАУ, Япон улсын төлөөлөгчдийг нэгэн дор цуглуулж, тулааны урлагаар дамжуулан соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн тогтвортой хөгжил, энх тайван, шударга ёсыг цогцлооход хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой болж өндөрлөв.

Энэхүү хоёр өдрийн үйл ажиллагаанд Монгол Улсаас тус комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Золбоо болон Монголын гардан тулааны холбоо, Mонголын Үндэсний бие хамгаалах урлагийн холбоо, Монгол бөхийн хөгжил сан, Монголын ушугийн холбоо, Монголын жижицүгийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын каратегийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын ушу хөгжлийн холбооны төлөөлөгчид оролцсон юм.

 

Холбоотой мэдээ