Ж.Гончигсүрэн: “Урвуулагч” хэмээх гахай жил төрийн хууль чангарна

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2019-01-11 14:33:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 5-ны өдөр тохионо. XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.

 

 -Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн шороон үхрийн зураг ямар байна вэ?

 -Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодийг тооцон гаргадаг. Энэ жил XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жил гарна. Ирэх гахай жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан, өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.

 

-Үхрийн шинжийг тайлбал, энэ жил ер нь хэр ерөөлтэй сайхан жил байх нь вэ?

 

-Ерөнхий зурлагын хувьд, хур ус элбэг сайхан жил гарах төлөвтэй байна. Өнгөрсөн жил тариа ургац арвин боловч үнэгүйднэ гэж байсан бол энэ жил улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч мэдэх юм. Төрийн хууль чангарна гэж буусан. Ихэс дээдэс, өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, зуны сүүлээр мөндөр буух магадлалтай.

 

-Одоогоос 12 жилийн өмнө “Алтан гахай жилд хүүхэд төрүүлэх сайн” хэмээн олон гэр бүл хүүхэдтэй болж байсан. Ер нь гахай жил ямар онцлогтой байдаг вэ?

-Үр төл сайтай сайхан жил гарахаар байна. Жилээс биш ард түмнээс шалтгаална. Шарагчин гэдэг нь шороон гахай буюу эм гахай жил гарч байгаа юм. Хүн бүр дор дороо хичээх шаардлагатай. Ер нь хүн ямар нэг жилээс биш, бие, хэл, сэтгэлээс хийсэн үйлээс шалтгаалдаг тул  монголчууд хоорондоо эв эетэй байж улс орон, нийтээрээ амгалан сайхан байх нигууртай. Өөрт хамааралгүй зүйлийг бусдыг айлгах зорилгоор хэрэглэж болохгүй. Монголчуудынхаа уламжлалт зан заншлыг авч үлдэхэд хүн бүр эрхэмлэх хэрэгтэй. Эх орон маань эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг байж болохгүй. Бид өөрийн гэсэн уламжлал, ёс жаягтай, сэтгэлтэй байж улс орон маань хөгжинө.

 

-Ирж буй гахай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх шаардлагатай вэ?


-Ижил жилтэй хүн заавал адилхан засалтай байна гэж ойлгож болохгүй. Хувь хүн бүр өөр дээрээ тусгаж авах шаардлагагүй. Яагаад гэвэл, хүн бүрийн заяа төөрөг өөр байдаг шүү дээ. Хүн бүрийн засал өөр байдаг учраас тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм. Төрснөөсөө шалтгаална. Тиймээс өөрсдөө хянамгай байх хэрэгтэй. Жил орж, мэнгэ голлож буй улсууд лам, эрдэмтэн мэргэдээс асууж заслаа сайн хийлгээрэй гэж хэлье.


-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?


-Хүн бүр бэлгэ дэмбэрлийг бодож засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Заавал 15-ны дотор гэхгүй. Шинийн нэгний өглөө мөрөө зөв гаргавал тэр нь бас засал болоод л явна. Баяр баясгалантай, хэрүүл тэмцэлгүй эхэлбэл ажил тань урагштай байна. Тиймээс нийтээрээ  анхаарах шаардлагатай.


-Монголын нийгмийн байдал ямар байх бол?


-Энгийн ард айж эмээх аюул гарч магадгүй гэдэг бол хэн нэгний үгэнд орж,  аялдан дагаж болохгүй, өөрийн бодолтой, сэрэмжтэй байгаарай гэсэн санаа юм.


-Удахгүй шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?


-Монгол хүн бэлгээрээ, Бээжин хүн бэнчингээрээ гэдэг. Сар шинэдээ монгол түмэн маань сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан насалж, эв түнжинтэй байж, санасан хэрэг ёсчлон бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

 

Холбоотой мэдээ