Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-11 02:07:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзлээ.

Эдгээр гишүүдийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа. Мөн мөрдөн байцаалтын явад УИХ-ын гишүүд нөлөөлөх магадлалтай гэдгийг цохон тэмдэглэв.

Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. Учир нь хуулийн байгууллагууд ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байгаа бөгөөд шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой тул энэ удаад хүлээн авах шаардлагагүй хэмээн үзснийг Н.Энхболд гишүүн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа нарын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй.

Холбоотой мэдээ