Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-11 04:40:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэх үед АН-ын бүлэг зургаан цагийн завсарлага авав.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганд танилцууллаа.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тийнхүү завсарлага авснаар өнөөдөр 10.00 цагаас хуралдааныг үргэлжүүлэхээр тогтлоо. Уг асуудлыг шийдвэрлэсний дараа Г.Солтан, Л.Энхболд, Г.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийн асуудлыг мөн хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ