Чийдэнгээр халдаг байшин нэг ам метр нь 1,2-1,5 сая төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-13 20:35:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотод гэрлийн чийдэнгээр халдаг, шинэ технологи бүхий пассив хоёр давхар хаус баригдаж, шинэ оны өмнөхөн олон нийтэд танилцуулжээ. Энэ барилга нь пассив хаусны стандартаар барьсан анхных гэнэ.

Япон улсад барилгын чиглэлээр олон жил ажиллаж байгаад ирсэн  “Сакура проперти” ХХК-нийн захирал Н.Ганбаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний хэмнэлт бүхий барилгын төрөл бүрийн технологийг судалж, эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологийг сонгожээ.

Тэрээр 2013 оноос хойш Монгол Улсад ийм технологиор барилга барих боломж байгаа эсэхийг судалж, туршсаар 5 жилийг ардаа орхисон байна. Пассив байшингийн өртөг ердийн байшингийхаас өндөр гараад байсан учраас тоног төхөөрөмжөө оруулж, дулаалгын материалаа өөрсдөө хийх шийдэлд хүрч, цонх, хаалга, нарны эрчим хүч, цахилгаан хувиргах, агааржуулалтын систем гэх мэт бүгдийг нь шат дараатайгаар хийж эхэлжээ.

Боломжтой санхүүжилт, хамтран ажиллах барилгын компани хайж байсан тэрээр Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Зуут констракшн” ХХК-тай хамтрахаар болж, “Сонирхолтой, инноваци” төслийн уралдаанд нь оролцож, аймгийн Засаг дарга байшингийн үндсэн зарчмын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн ажээ.

Улаанбаатар хотын ердийн барилгад нэг ам метр тутамд жилдээ 400 кв/ц дулааны эрчим хүч зарцуулдаг бол энэхүү барилгад олон улсын стандартын мэргэжилтнүүд хоёр ч удаа хэмжилт хийж баталгаажуулснаар 13кв/ц гэж гарсан нь ердийн барилгаас 30 дахин бага эрчим хүч зарцуулдаг байна.

Өөрөөр хэлбэл 100 лааны гэрэл хоёр ширхэг асаалттай байхад байшин доторх агаарын хэм 20 градус дулаан байх аж.

Битүүмжлэл хангагдсан тус байранд 24 цагаар агаар сэлгэж, ингэхдээ хөрсний дулаан солилцуур, агаар шүүлтүүр гэх мэтийг төлөвлөж өгдөг учраас тогтмол цэнгэг дулаахан агаараар сэлгэгдэж байдаг байна.

Дундаж орлоготой иргэдийг хувийн орон сууцаар хангах, эрчим хүч, дулаан алдагдал, ашиглалтын зардлыг тооцож үзээд ам метр нь 1.2-1.5 сая төгрөгийн хооронд байхаар үнэлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ