ЖДҮХС-гийн зээлийн хэргийг 50 байцаагч, 20 прокурор 2 сарын турш мөрдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-11 19:22:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

Л.Энхболд гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тайлбарлав.

Прокурорын байгууллагын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 10-нд хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Ж.Бат-Эрдэнэ гишүүн ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгахад гишүүдээс дарамт шахалт ирж байгаа эсэхийг Ерөнхий прокуророос тодруулав.

Одоогоор гишүүдээс дарамт шахалт үзүүлсэн, мөрдөн байцаалтад саад учруулаагүй гэдгийг Л.Энх-Амгалан прокурор дурдлаа. Харин Л.Энх-Амгалан гишүүн, “УИХ-ын нийт гишүүд үндсэндээ “60 тэрбумын хэрэг”, ЖДҮХС-гийн зээл гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Тиймээс УИХ-ыг тарааж, бүгд хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ЖДҮХС-гийн зээлийн асуудалтай олон гишүүн нэр холбогдож байгаа. Нэр холбогдсон бүх гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа хамт тавьж болоогүй юм уу” хэмээн тодруулахад, “Бүх асуудлыг хуулийн дагуу явуулж байна. ЖДҮХС-гийн зээлийн хэргийг 50 байцаагч, 20 прокурор 2 сарын турш мөрдөж байгаа. Мөрдөн байцаалтын явцад дахиад хэдэн гишүүний бүрэн эрхийн асуудал яригдахыг мэдэхгүй байна” гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.6 хувь прокурорын байгууллагын саналыг дэмжсэнгүй.

Холбоотой мэдээ