УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 10:40:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар энэ сарын 14-17-нд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна.

“Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх парламентын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын 400 орчим төлөөлөгч оролцож, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал, аялал жуулчлал, цахим аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. 

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыг Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачилгаар 1993 онд байгуулсан.  Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг юм. 

Энэ үеэр НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцов. Тэрбээр уг хуралдаанд хэлсэн үгэндээ, бүс нутгийн хэмжээний томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй Камбожийн парламентад талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтад идэвхтэй оролцож, хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно гэдгээ онцоллоо. 

Энэ удаагийн чуулганд гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 40 орчим санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн тогтоол болгож, боловсруулах Төслийн хорооны хуралд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оролцлоо. Тэрбээр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай болон Ази, Номхон далайн бүсэд соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжихэд парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тогтоолын төслүүдэд тусгах Монгол Улсын саналыг танилцуулсныг олонх дэмжиж, баталсан байна.

Холбоотой мэдээ