МҮОХ-ны хурал түр хугацаагаар хойшлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-24 13:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр МҮОХ-ны гишүүдийн хурлыг түр хугацаагаар хойшлуулжээ.


Өмнө нь тус хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлосон байсан юм. Харин МҮОХ-ны гишүүн Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, мөн өдрийн сонгуульд нийт нэр дэвшигчдээс, Д.Загдсүрэнг эс тооцвол, хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очир намайг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.


Уг нэхэмжлэлийг үндэслэн түүний өмгөөлөгч тус хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд МҮОХ-ны Гишүүдийн хурлыг хуралдуулахгүй байх арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Хүсэлтийг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч, 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан байна.


Тус захирамжаар, 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон МҮОХ-ны гишүүдийн хурлыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хуралдуулахгүй байхыг МҮОХ-нд даалгажээ.

Холбоотой мэдээ