Олон улсын брэнд үзэсгэлэн худалдаа болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-29 18:00:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны БНХАУ дахь ерөнхий төлөөлөгч “Бээжин глобал жэнвэй” компанийн төлөөлөл манай улсад уригдан ирж, олон улсын түвшний үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирлоо.

“Бээжин глобал жэнвэй экспо” компанийн ерөнхийлөгч Чэн Фэн Гуан, захирал Ван нар “Мишээл экспо” ХХК болон Монгол-Хятадын худалдааг дэмжих холбооны удирдлагуудтай уулзаж, олон улсын экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны бүх шатны ажил хэргийг албан ёсоор эхлүүлж буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Монгол-Хятадын худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын Худалдаа, үйлчилгээг дэмжих хороо зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцсон уулзалтын дүнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж олон улсын түвшний экспорт, импортын үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болсон юм.


“Бээжин глобал жэнвэй экспо” компанийн ерөнхийлөгч Чэн Фэн Гуан хэлэхдээ, “Бид энэ оноос эхлэн Монгол Улсад жил бүр олон улсын экспорт-импортын томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байхаар хэлэлцэж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Мишээл экспо” төвд олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Цаашид үзэсгэлэн худалдаа маань олон улсын түвшний брэнд болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. “Мишээл экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Олонбаяр хэлэхдээ, “Манай улс голлох бараа, бүтээгдэхүүнүүдээ малын гаралтай түүхий эдээр хийсэн байдаг. БНХАУ-ын зах зээл асар том. Энэ үзэсгэлэн худалдаагаар бид эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг Хятадын түншүүдэд танилцуулна. Мөн нөгөө талаар, БНХАУ-д гаргаж болох өөр ямар нөөц бараа, бүтээгдэхүүн байна, тэр бүхнийг гаргах хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна” гэв.

Ирэх хавар болох олон улсын үзэсгэлэн худалдаагаар Монгол брэндийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, барилгын материал, барилгын тоног төхөөрөмж, машин, техникийн эд анги, ХАА болон эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зэргээр төрөлжин гарна. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр бизнесийн байгууллагуудын уулзалт, семинар мөн болох аж. 

Холбоотой мэдээ