Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-01 18:24:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг томиллоо.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тус зөвлөлийн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилохоор заасан. Энэ хүрээнд “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй нэр дэвшигчдийг энэ сарын 17-нд бүртгэсэн бөгөөд нийт найман хүн нэр дэвшжээ. Үүнээс УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам хамгийн өндөр буюу 113.10 оноо, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа гэдгийг “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-ын дарга, УИХ-ын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал танилцуулсан юм.

Энэ үеэр Б.Ундармаа, З.Нарантуяа гишүүн төрийн албыг улс төрөөс ангид байлгахад анхаарч ажиллахыг нэр дэвшигчдэд захив.

Төрийн албан хаагчыг үндэслэлгүйгээр ажлаас халсны төлөө сүүлийн гурван жилийн хугацаанд төрөөс 16.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон гэдгийг М.Билэгт гишүүн дурьдлаа. Мөн тэрбээр төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан удирдах албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцдог байх нь чухал байгааг дурдлаа.

Харин Х.Нямбаатар гишүүн, “Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Орон нутагт төрийн албаны шалгалтад тэнцэх хүн ховор байна. Мөн одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах, давтан сургахад анхаарах шаардлагатай” гэлээ.

Төрийн алба цомхон байх ёстой гээд орон тоог хасдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдгийг Н.Цэрэнбат гишүүн онцлов. Тэрбээр, “Үүний оронд зарим орон тоог хасч, зарим шаардлагатай орон тоог шинээр бий болгож, зохист харьцааг бий болгох нь чухал. Мөн төрийн албан хаагчдын ажлын ачааллыг жигдлэх чиглэлд судалгаа хийх хэрэгтэй” гэв.

Ингээд санал хураахад  гишүүдийн олонх нэр дэвшигчдийг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа.

Мөн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой таван тогтоолыг батлав. Үүнд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” болон “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоол багтсан юм.

Холбоотой мэдээ