Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тухай тогтоолыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай
худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг хөгжүүлэх,
тухайн улсад амьдарч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарч буй юм.
Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын төв болсон Шанхай
хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр ажиллаж байгааг Гадаад
харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.
25 сая оршин суугчтай тус хот хүн амынхаа тоогоор Хятадад нэгдүгээрт,
дэлхийд тавдугаарт жагсдаг бөгөөд 700 орчим монгол иргэн амьдарч байна. Шанхайд
Ерөнхий консулын газар нээснээр БНХАУ-ын Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу
мужид, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг
шуурхай хүргэх, Хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх
боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.
Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь тогтоолын
төслийг дэмжиж, баталснаар өнөөдрийн чуулган өндөрлөв.