П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-04 11:49:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Соёлын гавяъат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээв.


Chimgee Chimgee-н зураг.

Шагнал гардуулах ёслолын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч П.Бадарч, “Миний анхны ном 1967 онд “Морьд” нэртэй гарч байлаа. Тиймээс ч “Монголын утга зохиолд морьтой ирсэн найрагч” гэсэн нэр авч байсан юм. “Есөн эрдэнийн орон” найраглалыг би цэрэгт явахынхаа өмнө бичиж байсан юм. Халх голд алба хааж байхдаа би Гарамгай баатар Л.Дандартай дотно нөхөрлөж, олон аймаг, сумдад уран зохиолын үдэшлэг хийж байлаа. Энэ онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Би Төрийн шагналд өмнө нь гурван удаа нэр дэвшиж байсан. Ингээд дөрөв дэх удаа нэр дэвшиж, энэхүү дээд шагналыг авч байгаадаа баяртай байна. Надад олон хүн баяр хүргэж, дахин төр, түмний хүртээл болох уран бүтээл туурвихыг хүсч, ерөөл өргөлөө. Монголын ард түмэндээ Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.

Тэрбээр Хилийн тэнгэр цэлмэг байгаасай, Цэрэг эх орны дуулал, Байтагийн чулуу зэрэг цэрэг эх орны сэдэвтэй олон арван бүтээл туурвисан. Үүний дотроос Есөн эрдэнийн орон найраглалаар нь Монголын ард түмэн сайн мэднэ. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртээсэн байна.


Chimgee Chimgee-н зураг.

Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх хүн байхгүй биз. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм. П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би ихийг ярих нь илүүц биз. Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

Холбоотой мэдээ