Брюссельд Хятадын тагнуулууд ажиллаж байж болзошгүй гэх мэдээллийг няцаав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-11 15:56:12

БЭЭЖИН. /RIA Novosti/. Бельгийн нийслэл Брюссель хотод Хятадын 250 тагнуул ажиллаж байна гэх мэдээлэл бол цэвэр худал мэдээлэл юм гэж Бельги дэх Хятадын Элчин сайдын яамны /ЭСЯ/ мэдэгдэлд дурджээ.


Бельгийн нийслэл хотод “Хятадын 250 орчим, Оросын 200 тагнуулч” ажиллаж байж болзошгүй гэж Европын гадаад харилцааны албаны дотоод аюулгүй байдлын газраас Брюссельд буй Европын дипломат ажилтнууд болон цэргийнхэнд анхааруулсан тухай урьд нь “Welt” сонинд Европын Холбооны /ЕХ/ дипломатчдын мэдээллээс иш татан бичсэн байна. Үүнтэй холбогдуулан ЕХ-ны дипломат ажилтнуудад Брюссель дэх европчуудын хорооллын зарим газарт, тухайлбал, Европын комиссын төв байр болон Европын Гадаад харилцааны албаны ойролцоо оршдог стейк-хаус, кафед орохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.


Ийм хариуцлагагүй мэдэгдлүүд нь Хятад улсын нэр хүндийг харлуулж, олон нийтийг төөрөгдүүлж байна. “Хятад-Бельгийн харилцаа болон Европтой хийж буй харилцааг таслах гэсэн оролдлого амжилт олохгүй” гэж Хятадын ЭСЯ-ны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.


Мэдэгдэлд мөн Хятад-Бельгийн харилцаа хөгжиж байгаа бөгөөд Хятадын тал бүх оронтой, түүний дотор Бельги улстай харилцан хүндэтгэх, тэгш эрхийн зарчимд үндэслэн найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж байна гэж онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ