Г.Занданшатар: УИХ-ын мэтгэлцээнийг олон улсын жишигт нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-14 18:11:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзаж, үүрэг өгөв.

Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан нь төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай гэсэн утгатай. Улмаар энэ эрх мэдлээ шууд буюу өөрийн төлөөллөөр дамжуулан эдлэхээр заасан. Ардчилсан төрийн үндсэн зарчим бол ард түмэн өөрийнхөө сонгосон төлөөлөгчдөөр дамжуулж засаглах эрхээ хангах явдал юм. УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны зорилго нь ард түмнийхээ хүсэл зорилго, санаа бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримтад тулгуурласан, парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах явдал мөн. УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Зөвлөлдөх санал асуулгыг манай УИХ-ын Тамгын газар амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэж байна. Зөвлөлдөх санал асуулгын үеэр ард түмний санал бодол, хүсэл зорилго нэлээд бодит байдлаар илэрхийлэгдсэн гэж би ойлгодог. Хэлэлцүүлгийн үеэр ард түмний хүсэмжлээд байгаа шударга ёс, сахилга хариуцлага, дэг журам, хууль дээдлэх ёсыг сахиулах, хууль нэг мөр тэгш үйлчилдэг, хэрэгждэг байх зэрэг бүх зүйл тод томруун илэрхийлэгдсэн байсан. Ийм их баялагтай улс орны ард иргэд яагаад ядуу, Улаанбаатар хот нь утаатай, түгжрэлтэй, цэгцгүй амьдарч байна вэ гэж өнөөдөр ард түмэн асууж байна. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний засаглах эрх хэр зэрэг хэрэгжиж ирсэн бэ, ардчилсан сонгуулийн үр дүнд ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлөн байгуулагдсан парламент хэр ажиллаж, тэнд нотолгоо баримтад суурилсан хэлэлцүүлэг аль хэр өрнөж байна вэ, парламентын хянан шалгах үйл ажиллагаа ямаршуу хэрэгжиж байгаа вэ гэдэгтэй холбоотой, иргэдийн хүсэл зоригийн тусгал гэж ойлгож болно. Бидэнд ард түмнийхээ хүсэл хүлээлтэд нийцсэн, тэдний засаглах эрхийг хангасан өөрчлөлтийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Ингэж байж Монголын хууль өргөн уудам нутгийнхаа бүх газарт хүрч, бодитой хэрэгждэг жишиг тогтоно.

Энэ УИХ нийгэм, ард иргэдээс маш их хүлээлттэй, тодорхой үүрэг даалгавартай. Тодорхой хэмжээнд зарим амлалт, үүрэг даалгавар хэрэгжиж байгаа. Жишээлбэл, Монгол Улс 6.5 их наяд төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж, өрийн дарамтаас гарлаа. Өнөө маргаашгүй дампуурах, дефолт болох эрсдэлээс сэргийллээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрлээ. 2016 онд нийт Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд 437 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнөөдөр 1.6 их наяд төгрөгийн ашигтай ажиллах урьдчилсан баланс гарч байна. Зөвхөн Тавантолгой гэхэд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ мэтчилэн эдийн засагт нааштай үр дүнгүүд байгаа боловч энэ нь яг ард түмний ажил амьдралд яаж нөлөөлж байна, иргэд ядуурлаас, хүндрэлээс гарч чадсан уу гэсэн асуултын тэмдэг хэвээр байсаар байна. Би та бүхэнд УИХ, түүний Тамгын газраас цаашид хэрэгжүүлэх зорилт, чиглэлийн талаар 5 зүйл хэлье.

Нэгдүгээрт, бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй инститүцийн жагсаалтад УИХ орж байна. 10 онооны үнэлгээтэй судалгааг үзэхэд /хамгийн сайн нь 10, хамгийн муу нь 1 оноо/ парламентын үнэлгээ 2 байгаа. Бусад инститүцтэй харьцуулахад, энэ бол эрс доогуур үзүүлэлт. Ийм учраас Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зөв гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн баримт нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэстэй байж гэмээнэ хууль тогтоох үйл ажиллагаа цэгцэрнэ. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг байваас парламентын нэр хүнд сайжирна. Энэ зорилтод Тамгын газрын ажилтнуудын оролцоо, бүтээлч санаачилга юу юунаас чухал. Дэлхийн бусад улс орны парламентын мэтгэлцээн Байнгын хороод, Дэд хороодын түвшинд хэрхэн өрнөдөг, түүнд нь Тамгын газрын ажилтнууд яаж тусалж, Үндсэн хуулийнхаа хүрээнд хууль тогтоох ажиллагааг ард түмнийхээ хүсэл сонирхолд хэрхэн тулгуурлаж, шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой хэлэлцүүлэг мэтгэлцээн яаж өрнүүлж байгаа талаарх сайн жишгийг бид нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэж байж хуулийн чанар, хэрэгжилт сайжирна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн талаар гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай “Өөрийн хийгээд дэлхийн улсуудын хүлээн зөвшөөрөгдсөн арга, туршлагыг судалж, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын түвшинд хүртэл дэгийг боловсруулж, мөрдүүштэй. Энэ бол Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой” гэж хэлсэн нь манай хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны дэг ямар чухал, хэрэгтэй болохыг нотолж буй баримт, үндэслэл юм. Өнгөрсөн хугацаанд Дэгийн хууль тогтоомж зөрчигдсөн ноцтой дутагдал гараагүй. Гэхдээ энэ хууль бол улс орон даяар дагаж мөрдөх эрх зүйн акт гэхээсээ илүү 76 хүн хэрхэн хуралдах тухай дэг журам юм.

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах, тэдний санал бодол, хүсэл зоригийг мэдрэхээр хөдөө орон нутгийг зорьдог. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын идэвх, санаачилга буурдаг, аль аль талдаа амралт, чөлөөт цаг шиг ойлгох байдал ажиглагддаг. Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаас чиглэл хүлээж суух байдал ч үүсдэг. Ингэлгүйгээр завсарлагааны хугацаанд хууль тогтоомжуудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, төсөл хариуцсан Байнгын хорооны ажлын алба, төслийн эхийг барьж буй зөвлөхүүд холбогдох судалгаа, лавлагаа гаргах, зарчмын зөрүүтэй саналаа томьёолох зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна. Маргааш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг УИХ-ын даргын дэргэд хуралдана. Даваа гарагт Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг иргэд, сонирхогч этгээдүүдийн төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхныг оролцуулж хийнэ. Мягмар гарагт Тендерийн хуулиар, лхагва гаригт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар, баасан гарагт валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголбанк, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулна. Энэ бүхэнд холбогдох байнгын хороод, ажилтнууд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй.

Гуравдугаарт, Агуулгаа дагаад парламентад хэлбэрийн өөрчлөлтүүдийг ч хийх шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын дотоод зохион байгуулалт, байнгын хороодын хуралдааны зохион байгуулалтын асуудлыг олон улсын парламентын нийтлэг жишигт нийцүүлж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөдөг хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй гэдгийг давтан хэлье. Мөн парламентын хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Оюутолгойн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг энэ сардаа багтаан хийж, тайланг нь сонсож, хэлэлцэх хэрэгтэй байна. Эрдэнэт, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар хяналт шалгалт хийж буй ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Агаарын бохирдлын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч нь Засгийн газрын гишүүн, сайд болсон тул бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай. Энэ мэт бэлтгэл ажлаа ойрын хугацаанд хангаж, бэлтгэл хангагдсан бол ажлын хэсгийн ахлагч нарыг хурлаа хийхийг шаардаж, шахах, төслөө урагшлуулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилла. Яагаад гэвэл, Та бүхэн ард түмний засаглах эрхийг хангах зорилгыг хэрэгжүүлж буй учраас илүү хариуцлагатай ажиллах ёстой. Төрийн ордныг шинэчлэн барих ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийх мөнгийг төсөвт суулгасан. Иймд Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс зураг төслийг бэлэн болгож, барих газрыг эцэслэн сонгож, парламентын ордны хамт албаны орон сууц барих асуудлыг шийдвэрлэж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхнд дорвитой, шийдвэртэй арга хэмжээ авах чиглэлийг өгч байна.

Дөрөвдүгээрт, УИХ-ын нэр хүндийг сайжруулж, олон нийтийн санал бодол, шинжлэх ухааны баримт нотолгоонд үндэслэсэн парламентын мэтгэлцээн өрнөсөн талбар болгоход дан ганц хуулийн шинэчлэл хангалтгүй. Байнгын хороодын ажлын алба өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаагаар гишүүдийг сайтар хангадаг болох хэрэгтэй байна. Шинэ мэдээ, мэдээлэл цуглуулж өгөх, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр бүтээлч санаачилга гаргаж, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлээр намын бүлгийн ажлын алба, гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг практик баг бий болгох нь чухал. Үүнтэй холбогдуулан холбогдох хэлтсийн удирдлагуудад УИХ-ын эрдэм шинжилгээ, судалгааны төвийг шинэчлэн байгуулах чиглэл өгч байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаа парламентын мэтгэлцээн, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын практик туршлагаас суралцдаг байхад шинэ шат болно. Стратеги төлөвлөгөөнд ийм байгууллага байна гээд УИХ-ын тогтоолоор баталчихсан байхад бие даасан байдал нь алдагджээ. Удирдлагын академи, МУИС, ШУА, бусад мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн судлаачдаар бүрдсэн эрдэмтэн судлаачдын зөвлөлтэй хамтран парламентын судалгааны төвийг өргөтгөж, зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Ази, Америк, Европын олон орны парламент судалгааны институттэй байдаг. Энэ төвүүд гишүүдээ ард олны санаа бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах, хэлэлцүүлэгт бэлтгэх бололцоог хангадаг. Парламентын гишүүд кноп дарчихаад ямар үг хэлэхээ бодох биш, судалгаанд үндэслээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол, хэлэх үгээ Байнгын хорооны хуралд танилцуулдаг, Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, санал нь зарчмын зөрүүтэй саналын томьёолол хэлбэрээр нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэгддэг, хуулийнхаа шүүсийг шахдаг, үг үсэг, найруулгыг нь гарсан хойно нь биш өмнө нь засдаг болгох нөхцөлийг бүрдүүлэх нь парламентын нэр хүндийг өсгөх, ард түмний индэр болох бололцоог хангахад чухал гэж үзэж байна.

Ард түмнийхээ санал бодлыг сонсох зөвлөлдөх механизмыг бий болгож, нийтийн сонсгол зохион байгуулж, Үндсэн хуульд заасны дагуу ард түмний санал бодол, хүсэл зоригт тулгуурласан шийдвэр гаргадаг болохын тулд бидэнд сэтгэлгээний, арга ажиллагааны өөрчлөлт хэрэгтэй байна.

Тавдугаарт, Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд захирагдах ёстой. Засгийн газар бол Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын философи бол Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажиллах явдал юм. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн хууль тогтоох үндсэн үүргээ ажилтан бүхэн дор бүрдээ ухамсарлаж, ажиллах хэрэгтэй байна. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Дөрвөн жилийн өмнө бидний хийж байсан судалгаагаар 4 хүний 3 нь буюу 75 хувь нь нийгэм шударга бус байна гэж үзэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар 95 хувь нь Монголын нийгэм шударга бус байна гэж үзэж байна. Энэ асуултад, ард түмний хүсэл, хүлээлтэд хариулт өгч байж төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл сэргэнэ. Ийм учраас газар бүр, ажилтан болгон хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай ажиллах шаардлагыг гишүүддээ ч тавьдаг, өөрсдөө ч хэрэгжүүлдэг байх шаардлага бидний өмнө тулгарч байна" гэлээ.

Холбоотой мэдээ