“KFC”-гийн бүх салбарыг шалгаж, бүтээгдэхүүнийг устгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-18 14:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  KFC”-гийн бүх салбарыг өнөөдрөөс эхлэн шалгаж, мөн бүтээгдэхүүнийг устгахаар болжээ. Энэ тухай  өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ.

Тэрээр, “Манайд энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ны өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-нд хоол идсэн 116 хүн ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим нь бөөлжих, халуурах зэрэг өвчний шинж илэрсэн. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, эмчийн зөвлөгөөний дагуу гэрээр эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээний хариу өнөөдөр гарч ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус газрын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан” гэв.  

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж гэмт хэргийн байдлын талаар танилцуулав. “Өнгөрсөн 14 хоногт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өмнөх 14  хоногийнхтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэв.

Холбоотой мэдээ