Сайжруулсан түлшийг зээлээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-20 15:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанд  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, "Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох, сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах, насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг үе шаттайгаар хязгаарлах, сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх, гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах, эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм. 

Дээрх ажлуудын биелэлтийг тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад даалгалаа.

Товч мэдээ:

-  Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг Нийслэлийн тээврийн газар 100 мянган төгрөгөөр торгож эхэлснийг зогсоолоо. Иргэдийн халаас руу гар дүрж,  торгох нь буруу гэж Монгол Улсын Ерөнхий сайд  үзэж, салбарын сайдад чиглэл өгсөн байна.

-  Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 2017, 2018 онд гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт болсон гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох, гамшгийн голомтод ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт найман тэрбум төгрөг олгохоор болов.

-  “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. 

-  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийг Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндоржийн нэрэмжит болгов.

Холбоотой мэдээ