Хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-20 17:04:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүн хууль батлах саналаа хурууны хээгээрээ өгдөг болно. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болсон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв.

Гишүүдийн ирц болон саналыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор бусдын өмнөөс “кноп дардаг” асуудал үгүй болно хэмээн үзэж байна. Мөн УИХ-ын хуралдааны танхим популизм, хэрүүлийн тайз бус иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог талбар болно гэдгийг УИХ-ын дарга дурдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр, С.Бямбацогт гишүүн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийг 2007 онд баталснаас хойш 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас хэрэгжүүлж эхлэх шинэ хуулиар гишүүн чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулж байгаа албан тушаалтан зөвхөн бодит мэдээлэл өгөх, асуултад бүрэн дүүрэн хариулахыг хуулиар үүрэг болгосон. Хэрэв худал мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлага тооцно гэдгийг С.Бямбоцогт гишүүн хэллээ.

Мөн үеэр УИХ-ын бүтцэд Дэгийн асуудал хариуцсан хороо байгуулах, ээлжит чуулганы хугацаанд нийт хуралдааны 50-иас дээш хувьд оролцоогүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулах саналыг УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар гаргав.

Мөн УИХ-ын гишүүн асан Л.Товуусүрэн, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, академич Г.Чулуунбаатар нар гишүүний хариуцлагыг дээшлүүлэх, Монгол Улсад хууль зүйн судалгааны байгууллага байгуулах санал хэлсэн юм.

Холбоотой мэдээ