Цахим орчинд монгол бичгээр харилцдаг болох хүсэлт тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав.
Сурагч З.Мишээл, Г.Эрдэнэчимэг нар Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэх, цахим орчинд монгол бичгийн хэрэглээг бий болгох зэрэг асуудлыг хөндсөн захидал бичсэн учир ийнхүү хүлээн авчээ. Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа Шадар сайдад илэрхийлэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин, “Монгол хэлний хуулийн дагуу 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр, Стандарт, хэмжил зүйн газарт цахим орчинд оруулах монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа танилцуулав.