Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёс тогтоох тэмцэл аль шатанд гацдагийг тод харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-07 13:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, саатуулаад байсан гурван этгээдийг шүүхийн шийдвэрээр сулалсан талаар өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийв.

Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид олгосон нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, энэ сарын 5-нд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулсан. Гэвч өчигдөр буюу энэ сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, сулласан юм. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байх магадлал 99.99 хувьтай байхад суллаж байгаа нь Монгол Улсад шударга ёс тогтоох тэмцэл аль шатанд гацдагийг тод харууллаа хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.

Тэрбээр, “ЦЕГ-аас энэхүү хэргийг шалгахаар хавтаст хэрэг нээхэд Нийслэлийн прокурор байнга хаалт тавьж, өмгөөлдгөөс гадна шүүх дээр гацдаг. Саатуулсан гурван хүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудал н.Болдбаатар гэдэг шүүгч дээр очсон ч тун удалгүй тухайн шүүгчийн бие өвдсөн гэсэн шалтгаанаар Х.Идэрт шилжиж, улмаар суллах шийдвэр гаргасан байна. Өнөөдөр нийслэлийн прокурор дээрх хүмүүсийг яллагдагчаар татах эсэхийг хэлэлцэнэ. Ямар шийдвэр гарахыг Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн нүдээ чилээн харж байгаа. Монгол Улсын парламент ч энэ мэт хэрэгтэй тэмцэж, УИХ-ын гишүүд эвлэлдэн нэгдээсэй хэмээн уриалж байна” гэлээ.


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь болон олны анхаарлын төвд байгаа бусад томоохон хэргийг шалгаж, Монголд шударга ёсыг тогтоох тэмцлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дэмжиж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэв.

Харин Л.Болд гишүүн, “Миний бие өнгөрсөн долоо хоногт цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтай танилцсан. Эрүүгийн хуулийг өөрчилснөөс хойш Монгол Улсад хүн бүр шүүхийн өмнө шударга, эрх тэгш байх тогтолцоог нэвтрүүлсэн хэмээн бодож байсан ч үгүй байжээ. 461 дүгээр ангид хүний эрхийн зөрчил хүндэрсэн байна. 64 настай эмэгтэй бидэнтэй уулзаад, өмгөөлөгчгүйн улмаас жил гаруй хоригдож буйгаа учирлан нулимс дуслуулж байна. Монгол Улсын шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай нэр холбогдсон хүмүүсийг маш шуурхай сулласан байна. Тиймээс 461 дүгээр ангид хоригдож буй хүмүүсийн хэргийг ч энэрэнгүй байдлаар нэн даруй шийдвэрлэж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнө суллахыг шаардаж байна” гэв.

Холбоотой мэдээ